Wednesday, November 5, 2014

Үйлийн үрийн тухай

Санааны үр дэлгэрч, салхины үр дулаарна гэдгийн үлгэрээр бидний санасан, хийсэн бүгд л үр дагавартай байдаг юм. Бид өнөөдөр хэн нэгэнтэй муудалцах, архи дарс уух, хулгай дээрэм хийх гэх мэтийн муу үйлүүдийг хийвэл тэр дороо үр нь боловсрохгүй ч гэсэн хожим нь заавал тэр үйлийн үр нь боловсрох нь орчлонгийн хууль юм. Бид хэн нэгэн хүнд сайхан сэтгэлээсээ хандаж сайн үйл буюу буян хийвэл тэр үйлийн үр нь энэ насанд дэлгэрэхгүй ч гэсэн хойд төрөлд боловсрох нь жам юм.
Үйлийн үр гэдэг бол урьд төрлүүдийн үйлдсэн нүгэл хилэнцийг энэ биеэр эдэлж буй хэрэг хэмээдэг. Өвчин зовлон, уналт ухралт, азгүйтэл гээд олон зүйлийг үйлийн үр буюу лаймбра намшид хэмээх сударт өгүүлсэнтэй холбон тайлбарлаж болно.
Үйлийн үрийн хууль бол энгийн юм. Сэтгэлээр өдөөгдсөн бие, хэл, сэтгэлийн бүх үйлүүд тухайн санаагаар үйлдсэн үйлийн шууд үр дагавартай төстэй явдал ирээдүйд тохиолдоход холбож өгөх хүч бүхий чадамжийг сэтгэлд үлдээдэг.Бусдыг баярлуулах санаагаар үйлдсэн үйл ямагт ирээдүйн амьдралын сайхан явдалтай холбож өгөх чадамжийг бүтээдэг байхад, бусдыг хорлох үйл ямагт ирээдүйд таагүй амьдралын явцтай холбож өгөх чадамжийг бий болгодог.Хэрвээ сэтгэлд тухайн амьдралын явцтай холбох үйлийн чадамж байхгүй бол зовлон ч бай, жаргал ч бай ямарваа нэгийг шалтгаангүйгээр амсах гэж үгүй...
Сэтгэл дэх үйлийн чадамж, үйлийн үр дагавар болж боловсрох хүртэл хэдэн төрөл дамжсан ч өөрийн чадамжийг хэзээд алддаггүй. Өчүүхэн төдий чадамж томоохон үр дагаварт хүргэх хүчтэй байдаг, учир нь тэд цаг хугацааны туршид арвижих хандлагатай байдаг. Юутай ч атугай эерэг сайн чадамжууд, уурын нөлөөгөөр доройтох болон үгүй болж устах, мөн сөрөг муу чадамжууд гэмших сэтгэлд тулгуурласан дөрвөн ерөндөгийн нөлөөгөөр сулрах болон, тэр байтугай үгүй болох бололцоотой...
Амьдралын хүрдэнд тоолшгүй олон удаа төрлүүд, тэр байтугай сайн төрлүүд ч гэсэн бидний санаатай үйлдлүүдийн шууд үр дагавар байсан юм. Хэрвээ там, бирд, адгуусны муу төрлийг авахгүй байхыг хүсэж байгаа бол ухаанаа гаргаж, зөвхөн буяны үйлүүд-бусдад тусыг үйлдэх хэрэгтэй. Тиймээс үйлдэл бүрт түүнийг үйлдэх болсон зорилгоо лавтай мэдсэн байх хэрэгтэй. Түүний дараа харин нүглийн санааны түлхэцийг дагах эсэх, буяны санааг дагах эсэхээ сонгох бололцоотой. Бид дангаараа ирээдүйгээ шийдэх бололцоотой, хэн нэгэн өөр хүн бидний хувь заяаг хянаж чадахгүй, учир нь үйлийн үр бидний сэтгэлд байгаа болохоос тэнгэрт байгаа аварга том данс хөтлөгчид биш юм. Бид урьд нь олон удаа хүн болон тэнгэрийн төрөлхтөн болж төрж байсан боловч тэдгээр төрлүүдийн биеийн болон сэтгэлийн жаргалд шунасан хэвээр байдаг...
Харин үйлийн үрийг засч болох эсэх тухайд: хүн өөрөө язгуураасаа бурханлаг чанартай учраас нэгэнт хуримтлагдсан үйлийн үрийг хөнгөлж нимгэлэх, болж өгвөл энэ яваа насандаа муу үйлийн үрээсээ салж, дараагийн үедээ гай зовлон үлдээхгүйн төлөө хичээх ёстой. Үүнийг товчхондоо хойчын буян хураах хэмээнэ.
Монголчууд нэн эртнээс мэдэж, ертөнцийн бүх зүйл амьдлаг чанартай бөгөөд эх байгальтайгаа хүнчилж харьцах ёстой гэдэг ухааныг дагаж мөрдсөөр ирсний ул мөр, улбааг бид өнөөдөр бага ч болов мэддэг. Худал хэлэхгүй, хулгай хийхгүй, хуурч мэхлэхгүй, садар самуун явахгүй, сархад дарсанд толгойгоо мэдүүлэхгүй, товчхондоо нүгэл үйлдэхгүй байхын утга учир нь чухамдаа үйлийн үрийн мөн чанартай холбоотой учраас бидний өвөг дээдэс минь нүгэл хэмээн цээрлэж өөрсдөө энэ бүхнээс хол хөндий явахыг хичээж, үр хүүхдээ ч хол яв хэмээн захиж сургадаг байсан нь өнөөгийн нийгмийн задгайралтай цуг орхигдон гээгдэж байгаа нь нууц биш юм.
Бидний таван мэдрэхүйд үл баригдах зэрэгцээ буюу далд ертөнцийн нууцаас цухас боловч хүртэж чадсан хэнд боловч урьд төрлүүдийн хийсэн нүгэл хилэнцийн үр дагавар ямар урхагтай, муу үр дагавартай болох нь тов тодорхой байдаг. Харамсалтай нь үүнийг мэдсээр атлаа элдэв төрлийн шунал хүслээ хазаарлан барьж чадахгүйн улмаас энэ цагийн дийлэнх хүмүүс үйлийн үрээ улам зузаалсаар байгаа нь зайлшгүй үнэн юм.

No comments:

Post a Comment