Суусан газраасаа шороо атгаж, атгасан шороогоо мөнгө болгож сурсан хүмүүс байдаг даа. Алтанхүүг тийм хүмүүсийн нэг гэхэд болох аж. Тэрбээр эцэг эхийнхээ үлдээсэн гурван өрөө байранд эзэн суусан цагаасаа хойш хамгийн мухрын өрөөгөө дэмий сул хадгалалгүй олон жил хүмүүст хөлслүүлж ашиг олжээ. Гэхдээ нэг явдлаас болж зүгээр сууж байгаад мөнгө олдог байсан энэ сайхан боломжоосоо салсан юмсанж. Алтанхүү өрөөгөө хөлсөлж эхэлсэн цагаасаа л хатуу шаардлага тавьж, цэвэрч нямбай, цэгцтэй хүмүүсийг хажуудаа амьдруулсаар иржээ.
Үүдний коридороос эхлээд шүршүүр. 00-ын өрөө нь хүртэл нийт дундын эзэмшил болж хувирах учраас өрөө хөлслөгчийг сайн шалгаж, санаа бодлоо ний нуугүй хэлсэн нь зөв л дөө. Тэгэхгүй бол хүнийрхүү сэтгэлээр хамаг юмыг нь бохирдуулж, эвдэлж хэмхлэх явдал зөндөө гардаг билээ. Тэгээд ч шөнөжин архидсан нэг амьтан 00-ын өрөөнд нь шал согтуу бөөлжөөд гарч өгөхгүй суугаад байвал ямар олиг байхав. Ийнхүү бодож хаширласан Алтанхүү эхнээсээ хөдөөний оюутан охидыг өрөөндөө оруулдаг болжээ. Гэвч хөдөөний охид бүгдээрээ хүмүүжилтэй даруухан биш гэдэг нь анзаарагдсан аж. Ховд аймгаас ирсэн гэх нэг охиныг гайгүй байх гэж бодоод оруулсан биш эр эм баахан юм авчирч шөнөжингөө архидаад унтуулаагүй бөгөөд “Ахиж иймэрхүү зүйл гаргаж болгохгүй" гэж хэлэхэд нь "Би мөнгийг нь төлсөн юм чинь өрөөндөө хэнийг ч авчирсан яадаг юм бэ" гэж хэдэрлээд хөөгдөөд гарсан юмсанжээ. Тиймээс оюутан охидод сүжиггүй хандах болж зар дээрээ “Гэртээ хүн авчирдаггүй, ганц бие, архи дарс уудаггүй, тохитой томоотой, тамхи татдаггүй гучаад насны хүнд өрөө хөлслүүлнэ" гэж бичээд зарын дагуу хандсан хүмүүсээс сонгож өрөөнийхөө түлхүүрийг өгдөг болжээ. Бараг зургаан жил ийнхүү өрөөгөө түрээсэлсэн Алтанхүү нэг удаа өрөө нь сулрах үед ганц өдөр ч болох нь ээ өрөөгөө хоосон байлгаж дэмий цаг алдахгүйн тулд бушуухан зар өгчээ. Тэгтэл зар өгсний маргааш өглөө нь хаалганых нь хонх жингэнэн дуугарсан байна. “Хэн бэ?" гэж асуутал “Зарын дагуу явж байна" гэсэн эр хүний дуу гарчээ.
Яаран тайлж өгвөл хар цүнх барьсан, тас хар хослолтой, цав цагаан цамцан дээр час улаан зангиа зүүж, гялалзсан хар ботинк өшиглөсөн гучаад насны дэгжин залуу өмнө нь зогсч байсан аж. Тэр залуу олон долоон зүйл ярилгүй өрөө хэдээр хөлслүүлэх юм бэ?" гэсэн ганцхан асуулт тавьж мөнгийг нь төлөөд бүх шаардлагыг нь биелүүлнэ гэж толгой дохиод гарахад Алтанхүү “Энэ арай ерөнхийлөгчийн бие хамгаалагч биш байгаа. Ямар ч байсан их сүрхий ажил хийдэг хүн бололтой" хэмээн эхнэртээ баяртайгаар хэлж байжээ. Оройхон нөгөө залуу өглөө бариад явж байсан хар цүнхнээсээ өөр хогшил гэхээр өөр зүйл авчралгүй өрөөндөө ороод таг болсон аж. Түүнээс иойш долоо хоног өнгөрсөн боловч юу ч нэмж авчирсангүй. Өрөө хөлсөлж буй хүмүүс уг нь хоол цай хийх тогоо шанага, унтаж хэвтэх гудас хөнжил, нүдээ баясгах зурапг гээд багагүй новш чирч ирдэг боловч тэр залуу анх барьж ирсэн хар цүнхнээсээ өөр юу ч авчрахгүй байгаад гайхсан Алтанхүү “Юун дээр унтаж хэвтэж, юугаа идэж уудаг юм бол" хэмээн бодож байжээ. Мөн тэр залуу өглөөнөөс орой болтол үүдээ тас түгжин таг чиг байж байгаад орой нар жаргамагц гараад яваад байгааг хэдийнэ анзаарч “Шөнөөр хийдэг ямар ажил байдаг билээ" хэмээн гайхаж байгаад Баарны хамгаалагч юм байна гэдэг дүгнэлт хийгээд ажил дээрээ хооллож ундалдаг байх хэмээн бодох болсон байна. Гэтэл эхнэр нь “Энэ ямар сонин залуу вэ? Өрөө хөлслөөд арваад хонолоо. Нэг ч удаа 00-д орсонгүй. Угаалгын өрөөнд ч орсонгүй. Усанд ордоггүй юм гэхэд гар нүүрээ угаадаггүй юм байх даа. Бас нэг ч удаа бидэнтэй үг сольсонгүй" гэж байн байн хэлээд салахаа байжээ. Гаднаас орж ирмэгцээ өрөөндөө орж тас түгжээд нам суучихдаг, гарахдаа ч орохдоо ч үг дуугардаггүй тэр залуу яг ямар учиртай хүн болохыг мэдэхийг хүссэн Алтанхүү нэг орой гарах гээд өрөөгөө цоожилж байхад нь ‘Чи чинь өрөөндөө хоол унд хийж иддэггүй юм уу?" гэж үг өдөхөд залуу юу ч хэлэлгүй гараад явсан байна.
Юу ч идэж уудаггүй, бие засдаггүй, гар нүүрээ ч угаадаггүй, хүнтэй ч дуугардаггүй энэ ер нь яасан хачин хүн бэ гэж бодсон Алтанхүү залуугийн өрөөнд орж үзэхээр шийдсэн аж. Түүнд өрөөний илүү түлхүүр байсан болохоор орж ядах юу байхав. Хачирхалтай ганц бие эр өрөөндөө яаж амьдардагийг харахаар шийдсэн Алтанхүү даруй ухасхийн шүүгээнийхээ нүднээс түлхүүр аван онгойлгож ороход жижиг хар цүнхнээс өөр юу ч байсангүй. “Сонин юм даа. Юун дээр унтдаг хүн бэ?" гэж хачирхсан Алтанхүү өрөөний буланд байсан хар цүнхийг нээж үзэхээр шийдсэн байна. Гэтэл уг цүнхээр дүүрэн хүмүүсийн зураг бас овог нэрийг нь бичсэн нарийхан цааснууд байсан аж. Мөн нас барсан хүмүүсийн зураг хөрөгтэй эмгэнэл бүхий сонины хайчилбарууд байжээ. Нас барсан хүмүүсийн эмгэнэлийг харвал бүгд саяхан нас барсан хүмүүс байсан бөгөөд хамгийн сүүлд хоёр хоногийн өмнө нас барсан хүний эмгэнэл гарч ирсэн байна. Үхсэн хүмүүсийн эмгэнэл цуглуулдаг ямар сонин хүн бэ арай гадаадын тагнуул юм биш биз гэсэн ноцтой юм бодсон Алтанхүү бушуухан гарч хаалгыг нь түгжжээ. Гэтэл маргааш өглөө нь Алтанхүүг өрөөндөө унтаж байхад нөгөө залуу хаалгыг нь алд дэлэм дэлгэн орж ирээд ‘Миний өрөөнд яах гэж орсон юм бэ?" хэмээн чих дөжрөм чангаар хашгирсан байна. Тэгсэнээ ахиад юу ч хэлэлгүй гараад явчихсан аж. Түүнээс хойш бүтэн долоо хоног хэртэй гэртээ ирэлгүй алга байснаа долоо хоногийн дараа шөнө дөлөөр өөр шигээ хав хар хувцастай нэг хүн дагуулсаар орж ирсэн байна. Нүдэнд хүйтэн төрхтэй тэр хүнийг харуутаа Алтанхүүгийн нуруу руу хүйт оргисон учраас "Энэ юун хүн бэ. Та хоёр нийлж архи дарс уух гэж байгаа юм биш биз" гэхэд залуу юу ч хэлэлгүй нөгөө хүнтэй хамт өрөөндөө ороод хаалгаа түгжсэн байна. Удалгүй өрөөн дотор эмэгтэй хүн чарлан уйлж буй чимээ гарч эхэлжээ. Алтанхүү маш их гайхан “Эмэгтэй хүн орж байгаа харагдаагүй дээ.
Юун хүүхэн чарлаад унав" хэмээн бодоод очиж хаалганы нь гаднаас сэмээрхэн чагнавал эмэггэй хүн чарлаж байна гэхээсээ илүү ямар нэг хөгжмийн зэмсэг чихран дуугараад байгаа юм шиг сонсогджээ. Мөн өрөөнөөс хиншүү хярвас, шатаасан үс хялгасны үнэр ханхалж байсан тул бушуухан холдсон юмсанж. Өөрийнхөө өрөөнд орсон хойноо "Энэ сонин залууг маргааш хөөж явуулъя" гэж эхнэртээ хэлж суужээ. Тэрбээр маргааш өглөө нь залуугийн өрөөний хаалгыг удтал нүдэж байгаад тайлж өгмөгц нь “Миний дүү өнөөдрийн дотор өрөөгөө суллаж өг дөө. Хөдөөнөөс манай хамаатны хүүхэд ирж суухаар боллоо. Би зөрүү мөнгийг чинь өгье" гэж хэлсэн байна. Залуу юу ч хэлэлгүй толгой дохин хаалгаа хаасан боловч хэдэн хормын дараа жижиг хар цүнхээ барьсаар гарч ирээд "Та энэ өрөөнд нэг хэсэгтээ хүн суулгаад хэрэггүй байх. Би энд байж хэдэн хүн авч явах ёстой байсан ч амжсангүй" гэсэн хачин утгатай үг хэлчихээд зөрүү мөнгөө ч авалгүй гараад явчихжээ. Алтанхүүд залуугийн энэ үг төдий л сонирхолтой санагдсангүй. Ашгүй нэг салж амарлаа гэж бодсоор бас зөрүү мөнгөө аваагүйд нь баярлаад хоцорчээ. Гэвч түүнээс хойш нөгөө өрөөг хөлсөлсөн дөрвөн хүн өрөөндөө цаг бусаар нас барсан тун эвгүй тохиолдол гарчээ. Хар хувцастай залууг явснаас хойш өрөө хөлсөлсөн залуу хэвтээгээрээ юм идэж байгаад хахсан гэдэг тодорхойлолттой орон дотроо өнгөрсөн бол гучаад насны бүсгүй өрөөг нь хоёрхон хоног хөлслөөд нойрны эм давхарлан ууж амиа хорлосон байна. Гурав дахь нь орцны үүдэнд танихгүй хүмүүстзодуулаад өрөөндөө орж ирэнгүүтээ нас барсан ажээ. Дөрөв дэх нь өрөөнөөсөө гарах гэж байгаад гэнэт зүрхний өвчнөөр нас барсан юмсанж. Өрөөг нь хөлсөлсөн хүмүүс ийнхүү ар араасаа ийнхүү нас барсан учраас Алтанхүү хүн амины хэрэгт сэжиглэгдэн хоригдох дээрээ тулж түүнээс хойш нөгөө өрөөгөө хөлслөхөө болиод тас түгжиж орхисон аж. Гэвч шөнө дундын үед Тэррхүү өрөөнд хүн явах, гэнэт юм унах, мэгшин уйлах чимээ минут хэртэй тасралтгүй сонсогдох болжээ.
Үүнээс айж эзэглэсэн Алтанхүү хэд хэдэн лам залж авчран арц хүж уугиулж, дором хийлгээд ч нэмэр болсонгүй. Харин эхнэрийн нь дагуулж ирсэн нэг мэргэч хөгшин өрөөн дотор хэд хэдэн дүрс зураад "Танай энэ өрөөнд түр сууж байгаад явсан хүн үхлийн цалм зангидчихжээ. Би тэр цалмыг тайллаа. Энэ өрөөнд бүтэн жилдээ хүн суулгаж болохгүй. Тэгсхийгээд аяндаа гайгүй болох байх“ гэснээс хойш элдэв чимээ сонсогдохоо больсон байна. Сул өрөөгөө хөлсөлж хялбар аргаар мөнгө олж байсан Алтанхүү гэгчид ийм нэг жигтэй явдал тохиосон бөгөөд тэрбээр нэг жилийн амирлачаас ч гэсэн нөгөө өрөөгөө хөлслүүлэхгүй хоосон байлгаж байгаад байраа зарж өөр тийш нүүсэн байна. Тэрхүү өрөөнд хэсэгхэн хугацаанд амьдарсан хар хувцастай эр эрлэгийн элч байсан уу аль эсвэл чөтгөр шуламтай холбоотой нэгэн байсан уу гэдгийг ойлгоогүй аж.
No comments:
Post a Comment