Энэ хүн бол миний нөхөр бас хадам ээж болох хүмүүс байсан юм. Нөгөө танилцуулга дээр байсан хувийн жижиг үйлдвэрийн эзэн гэх залуу маань ажилгүй дээрээс нь надаас 14 насаар ах, ээжийн эрх хүү байсан. Гурван дүүтэй. Айлын том хүү... Мэдээж баян биш. Ингээд хэлийг нь мэдэхгүй, нэрийг нь мэдэхгүй, ёсыг нь мэдэхгүй харийн бэр, мэдэхгүй олон зүйлийнхээ боол нь болсоор хэдэн сар өнгөрсөн. Очсон өдрөө шууд л нөхөр болсон солонгос эртэй нэг оронд орж хэлгүй, дур хүсэлгүй, хайр үгүй хүчирхийлэлд автсан. Цаг хугацаа өнгөрсөөр л... Би жирэмсэн болж манайх охинтой болсон. Надаас 14 насаар ах, 1метр 52 см өндөртэй солонгос эр миний охины аав.
Өнөөдрийг хүртэл би хадмуудтайгаа амьдарч байгаа. Хадам ээж миний өмсөх хувцсыг сонгож өгдөг. Хамт зах гараад яг өөрийнхөө насанд таарсан урт банзал, сул ноосон цамц, өсгийгүй углааш авч өгдөг. Мэдээж хамгийн хямдаас нь... Монголд байгаа ээж дүү нар маань намайг үйлдвэрийн эзэн баян эртэй суугаад аз жаргалтай байгаа гэж боддог байх. Гэтэл үнэндээ тийм биш шүү дээ.
Өнөөдрийг хүртэл намайг тайтгаруулдаг ганцхан зүйл бол миний охин. Хадамдаа уурлаж, нөхөртэйгөө хэрэлдэхээрээ би эх монгол хэлнийхээ хамгийн муухай хараалуудыг түүж байгаад урсгадаг. Сохроор сонгосон амьдралынхаа золиос нь зөвхөн би л өөрөө шүү дээ. Өөр олон зүйл миний сэтгэл дотор байгаа. Түүнийгээ уудлах зориг, зүрх надад алга...
No comments:
Post a Comment