Saturday, January 17, 2015

Сэтгэлийн гуа сайхнаараа гэрэлт

Нэгэн эзэнт улсын мэргэн түшмэл сэтгэлээр унан, турж эцэж, нүднээс гарсан байхыг хаантан соргог олж харжээ. Үнэнч албат минь, бие чинь өвдөө юу, сэтгэл санааг чинь ямар нэг зүйл зовоогоо юу, урьдын байдаг сэргэлэн цовоо, эрхэмсэг жавхаатай дүр төрх хаачихав, үнэнээ өч хэмээв. Хаантан минь би гэдэг хүн ордны нэгэн шивэгчин бүсгүйд сэтгэл алдраад, амьд сүг болон зовж явна. Тэр бүсгүйд сэтгэлээ илчлэн, гар, сэтгэлийг нь гуйсан боловч харц би хаан төрийн түшмэлтэй ханилан сууна гэж юу байхав гээд хавьтуулдаггүй. Муу заяандаа гомдон, сэтгэлээр унаж, гишгэх газраа олж ядан хорвоогийн бор хоног, шар өдрийг өнгөрөөж яваагаа өчив. Хаантан тэр дор нь мөнөөх бүсгүйг дуудан царай зүсийг нь хартал хүний хараа булаах тийм ч үзэсгэлэн төгөлдөр нэгэн биш байлаа. Хаан түшмэлдээ, чи тэр хүүхний юунд нь болдог байна аа. Харж үзтэл чамд тохирох хүн биш байна. Ордны авхайчуулаас шилж гуа үзэсгэлэн төгөлдөр нэгнийг сонгон авсугай гэхэд түшмэл, иш хаантан минь та тэр бүсгүйг миний нүдээр харж, сэтгэлээр мэдэрдэг ч болоосой доо гэсэн гэдэг. Хүнд ил харагдах гадаад төрх, нүүр царайнаас гадна дотоод гуа сайхан, бусдын сэтгэлийг эзэмдэх ариун тунгалаг сэтгэл гэж нэн хүчирхэг зүйл далд байдаг ажээ. Хааны мэргэн түшмэл чухамхүү тэр далд байдаг гэгээн тунгалаг увидаст хүчинд эзэмдүүлсэн байв. “Хайрлаж харсан бүхэн гоё сайхан санагддаг" гэх нэгэн ухаантны үг үнэн аж.

Хүний нүдэнд ил харагдах нүүр царай, үс зүс, бие бялдарын гуа сайхны зэрэгцээ нүднээс далд дотоод сэтгэлийн гуа сайхан оршино. “Гадаад ямар ч гуа сайхан нь хэрэв дотоод гуа сайхнаар амилагдаагүй бол бүрэн төгөлдөр байж чадахгүй”. Гаднаас харагдах гуа сайхан, дотроос гэрэлтэх гуа сайхан нэгэн биенд бүрэн төгөлдөр цогцлох нь тэр бүр элбэг байдаггүй. Гаднах гуа сайханд чинь ямар нэг зүйл дутуу санагддаг бол түүнд санаа зовж, сэтгэл чилээн, гуниж гутрах хэрэггүй. Байж байгаа бүхэндээ сэтгэл ханамжтай байвал дотор сэтгэл уужим тайван байна. Авралт бурханы дутаасныг нүгэлт хүн гүйцээж чадахгүй болохоор хувь заяатайгаа эвлэрч зохицон амьдарвал ухаалаг шийдэл болно. Бурханы дутаасныг гүйцээж чадахгүй ч нэгийг нөгөөгөөр нөхөх боломж хэзээд олдоно. Гаднаас харагдах гуа сайхандаа сэтгэл дүүрэн биш явдаг бол дотоод гуа сайхнаараа нөхөх бололцоотой. Оросын аугаа их яруу найрагч А.С.Пушкиний зургийг зориуд хараарай. Сэтгэл татан, дур булаам орос эрийн царайг олж харахгүй л болов уу. Гуа үзэсгэлэнт бүсгүйчүүл түүнд сэтгэл алдарцгаадаг байсны нууцыг аугаа их найрагчийн дотоод гуа сайхныг бишрэн дээдэлж, уусан шингэдэгтэй холбон тайлбарладаг юм билээ.

Тэнгэр бурхан хүн бүрт тоотой нас, төөтэй бие хайрладаг. Тоологдох нас нэгээр нэмэгдэхэд тоотой нас нэгээр хорогдож, түүнээ дагаад нас ахимаг болох тусам гуа сайхан илэгдэж байдаг нь ертөнцийн жам. Тоотой насандаа төөтэй биеэ тордон засч, зөв авч яван, гамнан хайрлах ёстой. Хөдөө хөхөрч, гадаа гандаж явдаг хүн гээд гандуу гундуу, хир тоосонд дарагдаж явах учиргүй. Цэвэр цэмцгэр, шулуун шудрага, нөхөрсөг найрсаг хүн бусдын нүдэнд эелдэг дулаахан харагдаж, сэтгэлд цаанаа л нэг ойр дотно санагдаж, хүндлэл хүлээнэ. Хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй хэн боловч гаднаас харагдах байдалдаа үргэлж анхаарч, биеэ зүй зохистой авч явах нь өөртөө хүндэтгэлтэй хандаж байгаагийн илэрхийлэл. Өөрийгөө эс хүндэтгэх хүнийг өргөн олон эс хүндэлж, өрөөсөн нүдээрээ ч тоож харахгүй, дөлнө. Өөрийгөө хүндэтгэдэг хэн боловч бусдын нүдэнд зүй зохисгүй, ая эвгүй харагдахыг хүсэхгүй, өөртөө цаг үргэлж хяналт тавьж, биендээ цаг ямагт анхаарна. Хувцас биеийн чимэг, эрдэм ухааны чимэг. Хувцас хунараа таарч тохируулан, цэвэр боловсон өмсөх нь өөртөө хүндэтгэлтэй ханддаг хүний шинж. Манай сургуульд өндөр гоолиг нуруутай, хувцасаа сайхан өмсдөг, цэвэр цэмцгэр зургийн багш байж билээ. Тэрээр, миний өмсч байгаа шиг сайхан пальто өмсчихөөд маажгий гуталтай явж байвал ямар харагдах вэ?

Та нар хувцасаа биендээ тааруулж, цэвэр өмсөхийн зэрэгцээ хувцаснууд чинь хоорондоо өнгө зүс, чанар чансаагаараа зохицож байх учиртай гэдгийг хэлж захисан гоо зүйн өндөр мэдрэмжтэй багшийн үг өдий хүртэл ухаан санаанд тодхон. Өмссөн зүүсэн нь цэвэр нямбай бус, нас намбанд нь таарч тохироогүй хэн боловч бусдын нүдэнд аятай эвтэй харагдахгүй, харсан үзсэн, таарсан тааралдсан болгон нүдээрээ олзлон, голж гоочилно. Хувцас бурхан бие чөтгөр гэх үг зүгээр ч нэг хэлэгдээгүй байх. Сайхан харагдахын тулд гоёх нь зүйн хэрэг, гэхдээ муухай харагдахгүйн тулд гутал хувцас, бие сэтгэлдээ үргэлж анхаарч байх хэрэгтэй. Залуу нас өөрөө гуа сайхан. Харамсалтай нь зүс царайны гуа сайхан шүүдрийн ус мэт богино настай. “Гуа сайхан гэдэг бол маш богино хугацаанд захирдаг хатан хаан” гэж Сократ мэргэн хэлсэн нь юутай үнэн. Гунхаж гялалзсан гуа сайхнаа хадгалж хамгаалахын тулд биеэ зүйл бүрээр торд.

Оюун билигт, авьяас төгөлдөр хүмүүс бүтээл туурвил, үйл үйлдлээрээ хотлыг бишрүүлэх хосгүй увидастай. Бишрэл өнгөцхөн шохоорхлоос хөглөгдөн төрөхгүй. Төрлөө ч шүдэнз зурах төдийд хоромхон зуур гэрэлтээд өнгөрнө. Сэтгэлийн нандин мэдрэмж нь хөглөгдөн эгшиглэж байж чин зүрхний бишрэл хүндэтгэл төрнө. Бишрэл бол дотоод сэтгэлээс ундран гарах хайр хүндэтгэлийн охь дээж юм. Сэтгэлийг булаасан чин зүрхний бишрэл хүндэтгэл сэтгэлд уяатай өнө удаан хадгалагдаж, дотроос төөнөн бүлээцүүлж, гэрэлтүүлэн гийгүүлсээр байх болно. Гуа сайхан, гунхалзсан гадаад төрх, өмссөн зүүснээрээ бусдад тоогдохоор барахгүй шүтэн бишрэгчдийг татаж болох ч тэдний сэтгэлийг эзэмдэхийн тулд дотоод гуа сайхан шаардагдана. Гаднаа гоё мөртлөө мунхаг бүдүүлэг хүн гоё хувцас өмсгөөд цирк тоглуулж байгаа сармагчингаас ялгаа юун. Гадна талаасаа тогос мэт гоё харагдах хирнээ дотроо гайхуулах юмаар маруухан хүмүүс жинхэнэ гуа сайхны гадна байдаг.

Гадаад гуа сайхан хүний эрхэм сайн чанаруудаар батжиж байж жинхэнэ гуа сайхны цогц болно. “Олон эрхэм чанартай, их ухаантайг нь бүгдээр хүлээн зөвшөөрсөн хүн бүр эрэмдэг зэрэмдэг нүүр царайтай байлаа ч муухай харагддаггүй, царай муутай байсан ч таагүй сэтгэгдэл төрүүлдэггүй”.

Нүүр царай сэтгэлийн толь. Хүний дотоод ертөнц харах нүд, харагдах царайн дээр нь ил тод тусна. Дотроосоо гэрэлтсэн сайхан хүн гэж ярьдаг нь чухамхүү харах нүд, харагдах царайг нь ажиглаж мэдэрснээ илэрхийлж байгаа үг юм. Хүн нүдээрээ гадаад ертөнцийг тольдон хардаг бол хүний нүдэн дээр дотоод ертөнц нь нуух хаах аргагүй ил тод харагдана. Сэтгэлийн баяр баясгалан царайн дээр гэрэлтэж, нүдэн дээр тодроно. Аз жаргалдаа умбаж яваа хүний нүдэнд хайр гэрэлтэж, баяр хөөр туяарна. Сэтгэлийн гуниг харах харцнаас тов тодорхой. Ойрын хүмүүсийнхээ царайг барайлгаж, харцанд тунасан зовлон гунигийг арилгахад сэтгэл гарган тусал. Хайр энэрэл, халамж анхаарал, сэтгэл засах эелдэг үгс сэтгэлийн гунигийг шидтэй мэт арчин арилгаж, битүүрч тагларсан дотрыг уужруулан нээж, онгойлгоно.

Дотор нь уужран онгойсон хүний царай дөлгөөн тогтуун, амирлангуй тайван, харц нь золбоо хийморьтой.

Хүний шилдэг чанарууд нэгэн биед хуран цуглаж байж дотоод гуа сайхан цогцлоно. Сэтгэлээ ариун байлга. Хүнийг хайрлах, бусдыг өрөвдөх ариун сэтгэл нь хүн бүхэнд төрөлхөөс заяамал нандин зүйл. Заяамал ариун нандин сэтгэлээ сэвтээж хиртээлгүй хадгалан, хүмүүсийг өрөвдөн хайрлаж, тусалж дэмжих элгэн халуун, энэрэн нигүүлсэх чин хүслийг цаг үргэлж тээж яваарай. Нигүүлсэнгүй, энэрэнгүй сэтгэлтний гуа сайхан дотроосоо туяаран гэрэлтэнэ. Сэтгэлийн харанхуйгаас шөнийн харанхуй дээр. Шөнийн харанхуй үүр хаярмагц жамаараа арилна. Сэтгэлийн харанхуй мөддөө арилахгүй, ужиг удаан тунарана. Сэтгэл нь харлан харанхуйлсан хүн хорлолт санааг тээж, нүгэлт үйлийг сэднэ. Сэтгэлийн харанхуйг цайлган гийх үүрийн туяа зөвхөн өөрт чинь бий. Тэр бол сэтгэлээ гэгээлэг болгох чин хүслэн. “Сэтгэлийн гуа сайхан нь бүр дорой биеийг ч хөөрхөн сайхан болгодог, яг үүнчлэн муухай сэтгэл нь хамгийн гойд сайхан бие бялдар, түүний сайхан хэсэг мөч бүхэнд ч бидний тайлбарлахын аргагүй жигшүүр төрүүлэхүйц онцгүй ул мөр үлдээдэг. Үргэлж сайхныг бодож, өөдрөг сайханд тэмүүлж, хар буруу саналгүй, зөв сэтгэлтэй явбал үйлс заяа өөдлөн дэвжиж, мандан бадарч байх нь дамжиггүй. Өндөр эрдэм боловсрол, гайхамшигт авьяас билэг, төрөлхийн гэгээн мэдрэмжтэй хүмүүс дотоод гуа сайхнаараа онцгойрон ялгарч, өргөн олны зүрх сэтгэлийг эзэмдэн эзэгнэж байдаг.

“Сэтгэл татах хүч гол төлөв царайнаас илүү ухаанд оршдог”. Бодож сэтгэж, хэлж ярьж, хийж үйлдэж байгаа нь ухаалаг хүнд өргөн олон өөрийн эрхгүй татагдан, үгэнд нь үнэн гэж итгэн, үйлдлийг нь зөв хэмээн дагана. Ухаантай хүний алдах нь бага, онох нь их. Ухаантай хүн буруу зөрүү, бусармаг мууг эс үйлдэнэ. Тэр ч бүү хэл бусдын бурууг харж өөрийн буруугаас сэргийлнэ. Тэнэг зүйл хийхийн тулд ухаанаа ашиглах нь ухаантай хүнд харш үйлдэл. Ухаан бол тэнгэр бурхан зөвхөн хүнд хайрласан аугаа их хосгүй бэлэг. Ухаан, давуу тал, авьяас билэг, буянт үйлсээ ашигтай зүйлд зарцуулах замыг заан тусалж, шунал тачаал, атаа хорсол, үзэн ядалтын замд хаалт хориг болон зогсож, төөрөгдлийн далайг эсэн мэнд даван туулахад газарчлан тусалдаг. Ухаантнууд хайр энэрлийн илч гэрлээ сэтгэл зүрхнээсээ сацруулан бусдад түгээж байдаг буяны эзэд. Ухаанаа зөв зүйлд зарах хэрэгтэй. Ухаан хожмын өдөр хэрэглэхээр нөөцийн саванд хадгалсан зүйл биш, өдөр тутам, цаг үргэлж сайн сайхны төлөө харамгүй зарцуулах зориулалттай бурханы хишиг. Ухааныг хэрэгтэй зүйлд байнга ашиглахгүй бол хөсөр хэвтсэн төмөр зэвэнд эдэгдэхийн адил хэрэглэгдэхгүй байсаар зэвэрнэ.

Ухаантай хүний хэлж ярих нь ухаалаг. Хэчнээн гашуун байсан ч хүмүүс үнэн үгэнд дуртай. Үгээр хүнийг мохоож болно, сэхээж ч чадна. Хэлж байгаа үг нь сонсож байгаа хүнийхээ хүсэл зоригийг алсын алс дайдад жигүүртэй мэт аван одож, үг ярианд нь өр зүрхнээсээ татагдаж, эрч хүч, урам зориг, өөдрөг сэтгэл үлдээдэг ухаалаг хүнийг амтархан шимтэн сонсох бахархалтай. Билэггүй муу уг, дэмий чалчаа яриа, хов жив, худал хуурмагийн нүглийг тэвчиж, амны алдаанаас алс хол явах нь адбиш чухал. Сайхан сэтгэл, саруул ухаан, авьяас билэг, ухаалаг үг яриа хүний дотоод гуа сайхныг гайхалтай уран, тод томруун, товойлгон тодотгоно. Гадаад, дотоод аль ч гуа сайхан тухайн хүний бардамнаж сайрхах чимэг биш. “Гагцхүү даруу зантай хосолсон гуа сайхан л гуа сайхан гэж нэрлэгдэх эрхтэй. Гуа сайхан нь даруу зангүйгээр гуа сайхан биш, ердөө л аятайхан царай болой." Хүн гадна талаасаа гоё, сэтгэл санаагаараа сайхан байх ёстой. Сэтгэлийн гуа сайхнаараа гэрэлтэж амьдар.

Н.БАГАБАНДИ

No comments:

Post a Comment