Нидерландад эвтанази/эмчийн тусламжтай үхэх/-ийг 2001 онд хуулиар зөвшөөрч, 2002 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм. Харин доктор Филип Ничке 1996 онд өвчтөндөө үхлийн тариа тарих эрхтэй анхны эмч болж байсан түүхтэй. Тэгвэл тэрээр Нидерланд инженер Александр Банниктай хамтран дэлхийн анхны эвтаназийн машиныг загварчилжээ.
Гурван хэмжээст хэвлэх төхөөрөмжөөр бүтээсэн энэхүү амиа хорлох машиныг ирэх жилээс үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа аж. Өдгөө 70 настай доктор Ничке дэлхийд “Доктор Үхэл” гэдгээрээ алдартай болсон бөгөөд Сарко хэмээх энэхүү төхөөрөмжийг хүссэн хүн бүр дэлхийн хаана ч байсан хэвлэх боломжтой байх юм.
Туршилт бүрэн дууссаны дараа доктор Ничкегийн “Exit International” ашгийн бус байгууллага нь төхөөрөмжийг хэвлэх эх материалыг интернетэд нээлттэй байршуулах аж. Төхөөрөмжийн хувьд дотор нь орсон хүний амийг авах бөгөөд хүссэн хүн бүрт үхэх эрхийг нь өгнө хэмээн доктор Ничке онцолжээ.
Төхөөрөмжийн ажиллах зарчим нь бүхээг доторхыг шингэн азотоор дүүргэж, дотор нь байгаа хүн 60 секундийн дараа дүйнгэтэж эхлэх аж. Хэдхэн минутын дотор ухаан балартах бөгөөд таван минутын дотор төхөөрөмжид орсон хүн хорвоогоос халина.
Гэхдээ үхлээ хүлээн хэвтэж байгаа хүн хэрвээ бодлоо өөрчилбөл шууд төхөөрөмжийг унтрааж болох юм байна. Сарко төхөөрөмж нь сэтгэл гутралд орсон, сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүст ч нээлттэй бөгөөд хэрвээ тухайн хүн гаргаж буй шийдвэрээ бүрэн ухаарч, буцаах ямар ч боломжгүй гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн тохиолдолд энэ төхөөрөмжийн тусламжтай хорвоог орхиж болно.
Доктор Ничкегийн үзэж буйгаар хэрвээ хүн өндөр настай болж, хүнд өвчин туссан бол тайван замаар хорвоог орхих сонголтоо хийх эрхтэй байх ёстой аж. Харин тэр зам нь Сарко хэмээх энэ төхөөрөмж байх юм.
No comments:
Post a Comment