Шинэ бизнес эхлүүлнэ гэдэг
хэцүү. Анх удаагаа бизнес эрхлэхэд бүр ч бэрхшээлтэй. Ихэнх хүмүүс
бизнесийн ертөнцөд ажиллаж байсан их, бага туршлагатай байдаг боловч цоо
шинээр компани үүсгэн байгуулах үедээ бэрхшээлтэй тулгардаг. Маш
гайхалтай санаа олсон ч гэсэн шинэ аж ахуйн нэгжийг удирдах, хөрөнгийн
эх үүсвэрийг олох, төсөвтөө зохицуулан хүмүүс ажилд авах гэх мэт олон
төвөгтэй асуудлууд урган гарч ирдэг.
Яаж ийгээд эхлүүлсэн ч гэсэн шинэ бизнес эрхлэх туршлага дутагдсаны улмаас олонх бизнесменүүд бүтэлгүйтдэг. Тэдний араас орох шаардлага байхгүй. Үүний тулд доорх 10 алдаанаас ямар ч үнээр хамаагүй зайлсхийх хэрэгтэй.
1. Ганцаараа зүтгэхээс зайлсхий. Цоо шинэ бизнесийг ганцаараа эхлүүлээд амжилтанд хүрсэн хэдэн хүн байдаг бол? Зөвхөн Ларри Эллисоны "Oracle" л байна.
Компани байгуулах нь үнэндээ маш хүнд ажил бөгөөд ямар ч бизнесийг эхлүүлэхэд ихэвчлэн хоёр буюу түүнээс дээш хүн шаардлагатай байдаг. Цөөн тооны хүмүүс л ганцаараа хийж чаддаг зарим нэг ажлыг эс тооцвол заавал хамтрагчидын асуудал босож ирнэ. Зарим хүнд сорилт, бүтэлгүйтлийг бусдын дэмжлэггүйгээр даван туулах боломжгүй байдаг. Мөн түүнчлэн төлөвлөгөөгөө ажил хэрэг болгох эсвэл бүтээгдэхүүн, үйлчилгээгээ бий болгох хэрэгтэй болдог. Бизнесээ эхлүүлэх мөнгөө ч босгох шаардлагатай тулгардаг.
Энэ бүх асуудлыг шийдэх нь үнэхээр толгой эргэм ажил юм. Найз нөхөд, мэргэжлийн хүмүүсээс туслалцаа авах нь бизнесээ шинээр эхлүүлэхэд багагүй тус болно.
2. Бизнес төлөвлөгөөгөө битгий халтуурд. Бизнес төлөвлөгөөгөө хэр найдвартай хийснээр таны ирээдүйн амжилт тодорхойлогдоно.
Бизнес төлөвлөгөө нь таны бизнесийн хувьд амин чухал доорх асуудлуудыг тодорхойлоход л оршдог.
- Компани юунд хүрэхийг тэмүүлж байгаа
- Гол харилцагчид буюу танай үйлчилгээг худалдан авах хүн хэн бэ?
- Нийгмийн өмнө ямар үүрэг хүлээж буй болон үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд дотооддоо хэвшүүлэх үнэт зүйл нь юу вэ?
- Компани хүсч буй үр дүндээ хүрэхийн тулд аль чиглэлд явах вэ?
- Компаний өрсөлдөгчид хэн бэ, тэд юу хийж байна вэ?
- Компани амжилт, хүрсэн үр дүнг хэрхэн хэмжиж болох вэ? зэрэг асуултанд хариулж шинэ бизнесийг зөв чиглэл рүү хөтөлдөг.
Өөрөөр хэлбэл бизнес төлөвлөгөө чанартай зохиосноор шинээр эхлүүлэх гэж буй бизнесээ бүх талаас нь харах боломж олгодог. Мөн түүнчлэн компани асуудалд орох үед эсвэл шинэ бизнест хөрөнгө оруулах эсэхээ шийдэх үед зайлшгүй бизнес төлөвлөгөөг урьдчилан харах хэрэгтэй.
Гэхдээ энэ нь хичээлд заадаг шиг нэг хэв маягийн зүйл байх шаардлагагүй. Ямар ч байсан дээрх чухал асуудлуудад хариулт өгөх бизнес төлөвлөгөөтэй байхыг зөвлөж байна.
3. Мөнгөө буруу зарцуулахаас зайлсхий. Шинэ бизнес эхлүүлэх үед “мөнгөтэй байх нь” маш чухал бөгөөд үүнийгээ зөв зарцуулах шаардлагатай.
Тухайлбал бизнесийн эзэн буюу үүсгэн байгуулагч хэт их улайрч олон хүн ажилд авах үед мөнгө ихээр үрэгдэж алдаа гаргадаг юм. Эхэндээ бизнес эрхлэгчид ажилд авсан хүн бүрээ зайлшгүй шаардлагатай гэж бодож байж болно. Гэвч нухацтай хандахгүй бол ингэснээр ердөө л шинэ бизнес эхлүүлэхээр нөөцөлсөн мөнгөө л хурдан үрнэ гэсэн үг юм. Үүнээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Үнэхээр хэрэгтэй хүмүүсээ алхам, алхмаар ажилд нэмж авах хэрэгтэй.
Ялангуяа бизнесийг санаачлагч нь тухайн бизнестээ их хэмжээний мөнгийг зарцуулаад үр дүнг нь хурдан харахыг хорхойсож байж болзошгүй. Ингэсэн тохиолдолд мөнгийг зөв зүйлд зарцуулахаасаа илүүтэй өөрийнхөө хүссэн зүйлд үрэх тохиолдол байдаг.
Харин танд хөрөнгө оруулалтын компани их хэмжээний мөнгөн санхүүжилт олгосон бол томоохон үр дүн нэн даруй шаардах болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс дэмий суух хэрэггүй, ажлаа шалавхан эхлүүл.
Гэхдээ доорх болзошгүй нөхцөл байдлуудыг урьдчилан харж, хариу үйлдлээ тооцоолсон байх шаардлагатай. Тухайлбал:
- Гэнэт багагүй мөнгө шаардагдах өөрчлөлт хийх шаардлагатай болоод хангалттай мөнгө нөөцлөөгүй бол яах вэ?
- Нөөц төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд анхны төлөвлөгөөгөө өөрчлөх болбол яах вэ?
- Хөрөнгө оруулагч амласнаасаа буцах буюу харилцагч мөнгөө төлөхгүй бол яах вэ?
- Бизнесийг урагшлуулах чухал хэсэг нь төсөөлснөөс хэт үнэтэй байвал яах вэ? Ийм нөхцөлд зарцуулах мөнгө байгаа юу? Гэх мэт
Санхүүгээ зөв удирдаж зарцуулахгүй бол шинэ бизнес хэзээ ч амжилтанд хүрч чадахгүй байж магадгүй. Энэ талын тооцоолол сайтай хэн нэгнээс тусламж ав.
4. Өөрчлөлт хийх чадваргүй байхаас зайлсхий.
Ямар ч ажил төлөвлөсний дагуу явагддаггүй гэдгийг бараг бүх л бизнес эрхлэгчид тодорхой хэлнэ. Гэхдээ өөрчлөгдөх чадвартай байна гэдэг нь бүх асуудлыг дангаараа шийдэхгүй нь мэдээ. Нэгэн үе Нокиа цаасны үйлдвэр ажиллуулж, резинэн гутал хийж байсан гээд боддоо. Харин өнөөдөр харилцаа, холбооны технологийг хөгжүүлэгч компани болсон. Odeo компани л гэхэд нэгэн үе файл түгээх системийг (podcast platform) ажиллуулдаг байсан. Гэвч Apple компани өөрийн iPod гэх мэт бүтээгдэхүүнийг гаргаж ирсэнээс хойш тэд шахагдаж эхэлсэн. Өнөөдөр тэгвэл тэд Twitter-г ажиллуулж байна.
Тэгэхээр бизнесээ амжилттай үргэлжлүүлэхийн тулд зөвхөн ямар нэгэн асуудал тулгарахад шийдвэрлэх нөөц төлөвлөгөөтэй байгаад зогсохгүй үүнийгээ хэрэгжүүлж, өөрчлөгдөх чадвартай байх ёстой юм.
5. Хэт жижиг сэтгэхээс зайлсхий.
Хэрэв бизнес эрхлэгчид хэт өчүүхэн зах зээлд чиглэж явбал амжилтанд хүрэхгүй. Шинэ бизнесийг тэтгэгч Y-Combinator –г үүсгэн байгуулсан Пол Грахам энэ тухай өөрийн бичсэн “Шинэ бизнесийг устгадаг 18 алдаа” номондоо энэ талаар “Олон бизнес эрхлэгчид ширүүн өрсөлдөөнөөс зайлсхийж тулд жижиг зах зээлд орох нь аюулгүй гэж үздэг. Гэвч хэрэв чиний хийж байгаа ажил амжилт олоод л эхэлбэл өрсөлдөөн дагаад л нэмэгдэнэ. Эцсийн дүндээ өрсөлдөөнөөс зайлсхийх аргагүй болдог, эсвэл чи толгойдоо байгаа сайхан санаанаасаа татгалзах хэрэгтэй”. Иймд нэгэнт л тулгарах зүйлээс зайлсхийхийн тулд санаагаа явцууруулж, хэт жижиг зах зээлд хандах хэрэггүй.
6. Байрлалаа буруу сонгохоос зайлсхий.
Бизнесийн байршлыг зөв сонгох нь үргэлж л чухал асуудалд тооцогдсоор ирсэн. Дэлгүүрийн хувьд л гэхэд өртөг зардлаа тооцож байгаад аль болох мөнгөтэй худалдан авагчиддаа ойрхон байрлах нь чухал байдаг. Жишээ нь Роуланд Х.Мэйси анх дэлгүүрээ Массачусетсд нээж байсан боловч амжилт олж чадаагүй. Тэр юун дээр алдаад байгаагаа ойлгосны үндсэн дээр дэлгүүрээ нүүлгэж Нью-Йорк хотын алдартай зургаадугаар өргөн чөлөөнд байршуулсан. Энд ирснээр бизнес нь цэцэглэн хөгжиж жижиглэн худалдааны салбартаа цуутай Macy’s сүлжээ дэлгүүр болтлоо өргөжсөн.
Байршил чухал болохыг нотолсон өөр олон жишээг Silicon Valey, Сиэтл, Портланд, Бостон зэрэг хотуудаас төрөн гарсан технологийн компаниудаас харж болно.
Мөн байршил яагаад чухал вэ гэдгийг өөр талаас нь харж болно: Хөрөнгө оруулагчийн байршил. Ихэнх венчур хөрөнгө оруулагчид (шинэ буюу эрсдэлтэй бизнест хөрөнгө оруулагчид) машинаар ердөө 1 цагийн дотор явж хүрдэг газруудад л ихэвчлэн хөрөнгө оруулалтаа хийдэг болохыг Грахам судлан тогтоожээ. Энэ нь магадгүй хөрөнгө оруулагчид шинэ бизнесийн талаарх мэдээллийг өөрийн танил, ойр дотны хүмүүсээсээ олж мэддэгтэй холбоотой байж болох юм. Тиймээс мөнгө л босгох гэж байгаа бол мөнгөтэй хөрөнгө оруулагчтайгаа ойрхон байршил сонго.
7. Зөн совиндоо итгэхгүй байх.
Бизнес эрхэлж буй хүний зөн совинтой зүйрлүүлэх зүйл үгүй юм. Олон хүн анхны бизнесээ амжилттай болгосон нь үүнтэй нь ч холбоотой байж болзошгүй. Тиймээс зөв совингоо таньж, сонс. Үүнийг давуу талаа болгон ашигла.
Гэхдээ зөн совингоо бодит тоон үзүүлэлтүүдтэй хослуулан хэрэглэ. Жишээлбэл судалгаанаас гарч ирсэн зах зээлийн хандлагыг илэрхийлсэн тоонууд, тухайн салбарын гол гол үзүүлэлтүүд гэх мэт тоон шинжилгээг хослуулах нь зүйтэй юм.
8. Цагаа олоогүй үедээ бизнесээ эхлүүлэхээс татгалз.
Шинэ бизнес эхлүүлж байгаа бол цаг үеээ олох нь хамгийн чухал. Эдийн засгийн хямрал зэрэг тооцоолох аргагүй хүчин зүйлээс бусдыг нь тооцоолж бизнесээ зөв цаг үед нь эхлүүлж болно. Үүнд шинжлэх ухааны нарийн арга, судалгаа ч шаардлагагүй. Зүгээр л хэт яаруу эхэлсэн эсвэл хэт удаан хүлээж байгаагаа ойлгож мэдрэхэд л хангалттай.
Шинэ бизнесээ хэтэрхий эрт эхлүүлэх нь компанийг бүхэлд нь эрсдэлд оруулж болзошгүй. Ялангуяа шинээр гаргаж буй бүтээгдэхүүн, үйлчилгээ нь үнэхээр хүмүүст хэрэгтэй зүйл мөн үү, мөн хэрэглэгчдэд хүргэхэд бэлэн болсон уу гэх зэрэг асуудлуудыг урдчилан сайтар тунгаан бодоорой.
Эцсийн эцэст өрсөлдөөнд ялах, орлогодоо хурдан хүрэх гэсэн хүсэлдээ хөтлөгдөн бүтээгдэхүүнээ зах зээлд яаравчлан гаргахаас илүү муу зүйл гэж үгүй. Ердөө л хийж буй зүйлээ олон нийтэд таниулахад бэлэн болсон эсэхээ л сайтар тунгаа.
Мөн хэтэрхий удаан хүлээх ч шаардлагагүй. Хэт удаан хүлээснээр өөрийн хөрөнгө, нөөцөө шавхаж дуусах эрсдэлтэй төдийгүй өрсөлдөгч чинь түрүүлж зах зээлд гарч ирээд байр сууриа эзлэх аюултай. Бүх зүйлийг шалга, гэхдээ бүү алгуурла. Эхлүүлэх хугацаагаа товлоод эхэл.
9. Хүмүүсийг ажилд авахдаа буруу хандахаас зайлсхий.
Хэт яаран хүн аваад байгаа юм биш биз? Хэрэв тийм бол компанийн хөрөнгө санхүүг л шавхах болно. Гэхдээ зөв хүнээ хайж олох үед ажилтнаа үе үе солих ч тохиолдол гардаг.
Компанийн төлөө ажиллах сэтгэлгүй хүн авах, эсвэл танил талаа хараад ур чадвар дутмаг хүн авах гэх мэт шалтгаануудын улмаас олон шинэ бизнес бүтэлгүй болдог. Хувийн ааш араншингаасаа болоод багийн бусад гишүүдтэйгээ таарахгүй хүн авчихвал мөн л адил асуудал үүснэ. Шинэ бизнес эхлүүлж байгаа үед зөвхөн ур чадвартай хүмүүсийг л ажиллуулах нь зүйтэй.
Мөн аливаа зүйлийг баримтжуулж явах хэрэгтэй. Тухайлбал зарим хамтрагчид чинь ажлаа хийснийхээ төлөө компанийн том хувийг авахаар тохирсон байсан гэж зүтгэх асуудал ч гарч болзошгүй.
10. Гадны нөлөөнд хэт автахаас зайлсхий.
Хөндлөнгийн хүнээс зөвлөгөө, шүүмжлэл аль алиныг нь сонсох нь зарим үед маш ач тустай байдаг. Хэрэв Зукерберг Шон Паркерийн өгсөн зөвлөгөөг дагаж TheFaceBook гэсэн нэрийг зүгээр л Facebook болгоогүй бол мөн компаниа Калифорни руу нүүлгээгүй бол энэ төсөл амжилттай болох байсан болов уу?
Мэдээж хэт их хүний амыг харах нь бүр ч хортой. Компани хөгжих явцад олон хүнтэй уулзаж ярилцах хэрэгтэй. Тэд юуг яаж хийх нь хамгийн зөв болохыг хэлж өгөх болно. Харин хүн бүрийн хэлснийг дагаад байвал анхны санаа гэдэг зүйл үгүй болно. Мөн хэт олон тал руу үсчих нь бизнест хортой.
Хэдийгээр Зукерберг Паркерын зөвлөгөөг авдаг байсан ч гэсэн Facebook-г анх л ямар байлгахыг хүсч байсан тэр төсөөллөө хэвээр хадгалсаар байв. Тэр өгсөн зөвлөгөө бүрийг нь дагадаггүй, харин компанид хэрэгтэй гэж үзсэнээ дагадаг байв.
Таны бизнест амжилт хүсье!
No comments:
Post a Comment