Wednesday, December 24, 2014

Бизнесээ эхлүүлж байх үедээ доорх 10 алдааг бүү гарга



Шинэ бизнес эхлүүлнэ гэдэг хэцүү. Анх удаагаа бизнес эрхлэхэд бүр ч бэрхшээлтэй. Ихэнх хүмүүс бизнесийн ертөнцөд ажиллаж байсан их, бага туршлагатай байдаг боловч цоо шинээр компани үүсгэн байгуулах үедээ бэрхшээлтэй тулгардаг. Маш гайхалтай санаа олсон ч гэсэн шинэ аж ахуйн нэгжийг удирдах, хөрөнгийн эх үүсвэрийг олох, төсөвтөө зохицуулан хүмүүс ажилд авах гэх мэт олон төвөгтэй асуудлууд урган гарч ирдэг.

Яаж ийгээд эхлүүлсэн ч гэсэн шинэ бизнес эрхлэх туршлага дутагдсаны улмаас олонх бизнесменүүд бүтэлгүйтдэг. Тэдний араас орох шаардлага байхгүй. Үүний тулд доорх 10 алдаанаас ямар ч үнээр хамаагүй зайлсхийх хэрэгтэй.


1. Ганцаараа зүтгэхээс зайлсхий. Цоо шинэ бизнесийг ганцаараа эхлүүлээд амжилтанд хүрсэн хэдэн хүн байдаг бол? Зөвхөн Ларри Эллисоны "Oracle" л байна.

Компани байгуулах нь үнэндээ маш хүнд ажил бөгөөд ямар ч бизнесийг эхлүүлэхэд ихэвчлэн хоёр буюу түүнээс дээш хүн шаардлагатай байдаг. Цөөн тооны хүмүүс л ганцаараа хийж чаддаг зарим нэг ажлыг эс тооцвол заавал хамтрагчидын асуудал босож ирнэ. Зарим хүнд сорилт, бүтэлгүйтлийг бусдын дэмжлэггүйгээр даван туулах боломжгүй байдаг. Мөн түүнчлэн төлөвлөгөөгөө ажил хэрэг болгох эсвэл бүтээгдэхүүн, үйлчилгээгээ бий болгох хэрэгтэй болдог. Бизнесээ эхлүүлэх мөнгөө ч босгох шаардлагатай тулгардаг.

Энэ бүх асуудлыг шийдэх нь үнэхээр толгой эргэм ажил юм. Найз нөхөд, мэргэжлийн хүмүүсээс туслалцаа авах нь бизнесээ шинээр эхлүүлэхэд багагүй тус болно.


2. Бизнес төлөвлөгөөгөө битгий халтуурд. Бизнес төлөвлөгөөгөө хэр найдвартай хийснээр таны ирээдүйн амжилт тодорхойлогдоно.

Бизнес төлөвлөгөө нь таны бизнесийн хувьд амин чухал доорх асуудлуудыг тодорхойлоход л оршдог.
  • Компани юунд хүрэхийг тэмүүлж байгаа
  •  Гол харилцагчид буюу танай үйлчилгээг худалдан авах хүн хэн бэ?
  •  Нийгмийн өмнө ямар үүрэг хүлээж буй болон үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд дотооддоо хэвшүүлэх үнэт зүйл нь юу вэ?
  • Компани хүсч буй үр дүндээ хүрэхийн тулд аль чиглэлд явах вэ?
  • Компаний өрсөлдөгчид хэн бэ, тэд юу хийж байна вэ?
  • Компани амжилт, хүрсэн үр дүнг хэрхэн хэмжиж болох вэ? зэрэг асуултанд хариулж шинэ бизнесийг зөв чиглэл рүү хөтөлдөг.

Өөрөөр хэлбэл бизнес төлөвлөгөө чанартай зохиосноор шинээр эхлүүлэх гэж буй бизнесээ бүх талаас нь харах боломж олгодог. Мөн түүнчлэн компани асуудалд орох үед эсвэл шинэ бизнест хөрөнгө оруулах эсэхээ шийдэх үед зайлшгүй бизнес төлөвлөгөөг урьдчилан харах хэрэгтэй.

Гэхдээ энэ нь хичээлд заадаг шиг нэг хэв маягийн зүйл байх шаардлагагүй. Ямар ч байсан дээрх чухал асуудлуудад хариулт өгөх бизнес төлөвлөгөөтэй байхыг зөвлөж байна.


3. Мөнгөө буруу зарцуулахаас зайлсхий. Шинэ бизнес эхлүүлэх үед “мөнгөтэй байх нь” маш чухал бөгөөд үүнийгээ зөв зарцуулах шаардлагатай.

Тухайлбал бизнесийн эзэн буюу үүсгэн байгуулагч хэт их улайрч олон хүн ажилд авах үед мөнгө ихээр үрэгдэж алдаа гаргадаг юм. Эхэндээ бизнес эрхлэгчид ажилд авсан хүн бүрээ зайлшгүй шаардлагатай гэж бодож байж болно. Гэвч нухацтай хандахгүй бол ингэснээр ердөө л шинэ бизнес эхлүүлэхээр нөөцөлсөн мөнгөө л хурдан үрнэ гэсэн үг юм. Үүнээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Үнэхээр хэрэгтэй хүмүүсээ алхам, алхмаар ажилд нэмж авах хэрэгтэй.

Ялангуяа бизнесийг санаачлагч нь тухайн бизнестээ их хэмжээний мөнгийг зарцуулаад үр дүнг нь хурдан харахыг хорхойсож байж болзошгүй. Ингэсэн тохиолдолд мөнгийг зөв зүйлд зарцуулахаасаа илүүтэй өөрийнхөө хүссэн зүйлд үрэх тохиолдол байдаг.

Харин танд хөрөнгө оруулалтын компани их хэмжээний мөнгөн санхүүжилт олгосон бол томоохон үр дүн нэн даруй шаардах болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс дэмий суух хэрэггүй, ажлаа шалавхан эхлүүл.

Гэхдээ доорх болзошгүй нөхцөл байдлуудыг урьдчилан харж, хариу үйлдлээ тооцоолсон байх шаардлагатай. Тухайлбал:
  •  Гэнэт багагүй мөнгө шаардагдах өөрчлөлт хийх шаардлагатай болоод хангалттай мөнгө нөөцлөөгүй бол яах вэ?
  •  Нөөц төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд анхны төлөвлөгөөгөө өөрчлөх болбол яах вэ?
  •  Хөрөнгө оруулагч амласнаасаа буцах буюу харилцагч мөнгөө төлөхгүй бол яах вэ?
  • Бизнесийг урагшлуулах чухал хэсэг нь төсөөлснөөс хэт үнэтэй байвал яах вэ? Ийм нөхцөлд зарцуулах мөнгө байгаа юу? Гэх мэт

Санхүүгээ зөв удирдаж зарцуулахгүй бол шинэ бизнес хэзээ ч амжилтанд хүрч чадахгүй байж магадгүй. Энэ талын тооцоолол сайтай хэн нэгнээс тусламж ав.

4. Өөрчлөлт хийх чадваргүй байхаас зайлсхий.

Ямар ч ажил төлөвлөсний дагуу явагддаггүй гэдгийг бараг бүх л бизнес эрхлэгчид тодорхой хэлнэ. Гэхдээ өөрчлөгдөх чадвартай байна гэдэг нь бүх асуудлыг дангаараа шийдэхгүй нь мэдээ. Нэгэн үе Нокиа цаасны үйлдвэр ажиллуулж, резинэн гутал хийж байсан гээд боддоо. Харин өнөөдөр харилцаа, холбооны технологийг хөгжүүлэгч компани болсон. Odeo компани л гэхэд нэгэн үе файл түгээх системийг (podcast platform) ажиллуулдаг байсан. Гэвч Apple компани өөрийн iPod гэх мэт бүтээгдэхүүнийг гаргаж ирсэнээс хойш тэд шахагдаж эхэлсэн. Өнөөдөр тэгвэл тэд Twitter-г ажиллуулж байна.

Тэгэхээр бизнесээ амжилттай үргэлжлүүлэхийн тулд зөвхөн ямар нэгэн асуудал тулгарахад шийдвэрлэх нөөц төлөвлөгөөтэй байгаад зогсохгүй үүнийгээ хэрэгжүүлж, өөрчлөгдөх чадвартай байх ёстой юм.

5. Хэт жижиг сэтгэхээс зайлсхий.

Хэрэв бизнес эрхлэгчид хэт өчүүхэн зах зээлд чиглэж явбал амжилтанд хүрэхгүй. Шинэ бизнесийг тэтгэгч Y-Combinator –г үүсгэн байгуулсан Пол Грахам энэ тухай өөрийн бичсэн “Шинэ бизнесийг устгадаг 18 алдаа” номондоо энэ талаар “Олон бизнес эрхлэгчид ширүүн өрсөлдөөнөөс зайлсхийж тулд жижиг зах зээлд орох нь аюулгүй гэж үздэг. Гэвч хэрэв чиний хийж байгаа ажил амжилт олоод л эхэлбэл өрсөлдөөн дагаад л нэмэгдэнэ. Эцсийн дүндээ өрсөлдөөнөөс зайлсхийх аргагүй болдог, эсвэл чи толгойдоо байгаа сайхан санаанаасаа татгалзах хэрэгтэй”. Иймд нэгэнт л тулгарах зүйлээс зайлсхийхийн тулд санаагаа явцууруулж, хэт жижиг зах зээлд хандах хэрэггүй.

6. Байрлалаа буруу сонгохоос зайлсхий.
Бизнесийн байршлыг зөв сонгох нь үргэлж л чухал асуудалд тооцогдсоор ирсэн. Дэлгүүрийн хувьд л гэхэд өртөг зардлаа тооцож байгаад аль болох мөнгөтэй худалдан авагчиддаа ойрхон байрлах нь чухал байдаг. Жишээ нь Роуланд Х.Мэйси анх дэлгүүрээ Массачусетсд нээж байсан боловч амжилт олж чадаагүй. Тэр юун дээр алдаад байгаагаа ойлгосны үндсэн дээр дэлгүүрээ нүүлгэж Нью-Йорк хотын алдартай зургаадугаар өргөн чөлөөнд байршуулсан. Энд ирснээр бизнес нь цэцэглэн хөгжиж жижиглэн худалдааны салбартаа цуутай Macy’s сүлжээ дэлгүүр болтлоо өргөжсөн.

Байршил чухал болохыг нотолсон өөр олон жишээг Silicon Valey, Сиэтл, Портланд, Бостон зэрэг хотуудаас төрөн гарсан технологийн компаниудаас харж болно.

Мөн байршил яагаад чухал вэ гэдгийг өөр талаас нь харж болно: Хөрөнгө оруулагчийн байршил. Ихэнх венчур хөрөнгө оруулагчид (шинэ буюу эрсдэлтэй бизнест хөрөнгө оруулагчид) машинаар ердөө 1 цагийн дотор явж хүрдэг газруудад л ихэвчлэн хөрөнгө оруулалтаа хийдэг болохыг Грахам судлан тогтоожээ. Энэ нь магадгүй хөрөнгө оруулагчид шинэ бизнесийн талаарх мэдээллийг өөрийн танил, ойр дотны хүмүүсээсээ олж мэддэгтэй холбоотой байж болох юм. Тиймээс мөнгө л босгох гэж байгаа бол мөнгөтэй хөрөнгө оруулагчтайгаа ойрхон байршил сонго.

7. Зөн совиндоо итгэхгүй байх.

Бизнес эрхэлж буй хүний зөн совинтой зүйрлүүлэх зүйл үгүй юм. Олон хүн анхны бизнесээ амжилттай болгосон нь үүнтэй нь ч холбоотой байж болзошгүй. Тиймээс зөв совингоо таньж, сонс. Үүнийг давуу талаа болгон ашигла.

Гэхдээ зөн совингоо бодит тоон үзүүлэлтүүдтэй хослуулан хэрэглэ. Жишээлбэл судалгаанаас гарч ирсэн зах зээлийн хандлагыг илэрхийлсэн тоонууд, тухайн салбарын гол гол үзүүлэлтүүд гэх мэт тоон шинжилгээг хослуулах нь зүйтэй юм.

8. Цагаа олоогүй үедээ бизнесээ эхлүүлэхээс татгалз.

Шинэ бизнес эхлүүлж байгаа бол цаг үеээ олох нь хамгийн чухал. Эдийн засгийн хямрал зэрэг тооцоолох аргагүй хүчин зүйлээс бусдыг нь тооцоолж бизнесээ зөв цаг үед нь эхлүүлж болно. Үүнд шинжлэх ухааны нарийн арга, судалгаа ч шаардлагагүй. Зүгээр л хэт яаруу эхэлсэн эсвэл хэт удаан хүлээж байгаагаа ойлгож мэдрэхэд л хангалттай.
Шинэ бизнесээ хэтэрхий эрт эхлүүлэх нь компанийг бүхэлд нь эрсдэлд оруулж болзошгүй. Ялангуяа шинээр гаргаж буй бүтээгдэхүүн, үйлчилгээ нь үнэхээр хүмүүст хэрэгтэй зүйл мөн үү, мөн хэрэглэгчдэд хүргэхэд бэлэн болсон уу гэх зэрэг асуудлуудыг урдчилан сайтар тунгаан бодоорой.

Эцсийн эцэст өрсөлдөөнд ялах, орлогодоо хурдан хүрэх гэсэн хүсэлдээ хөтлөгдөн бүтээгдэхүүнээ зах зээлд яаравчлан гаргахаас илүү муу зүйл гэж үгүй. Ердөө л хийж буй зүйлээ олон нийтэд таниулахад бэлэн болсон эсэхээ л сайтар тунгаа.
Мөн хэтэрхий удаан хүлээх ч шаардлагагүй. Хэт удаан хүлээснээр өөрийн хөрөнгө, нөөцөө шавхаж дуусах эрсдэлтэй төдийгүй өрсөлдөгч чинь түрүүлж зах зээлд гарч ирээд байр сууриа эзлэх аюултай. Бүх зүйлийг шалга, гэхдээ бүү алгуурла. Эхлүүлэх хугацаагаа товлоод эхэл.

9. Хүмүүсийг ажилд авахдаа буруу хандахаас зайлсхий.

Хэт яаран хүн аваад байгаа юм биш биз? Хэрэв тийм бол компанийн хөрөнгө санхүүг л шавхах болно. Гэхдээ зөв хүнээ хайж олох үед ажилтнаа үе үе солих ч тохиолдол гардаг.
Компанийн төлөө ажиллах сэтгэлгүй хүн авах, эсвэл танил талаа хараад ур чадвар дутмаг хүн авах гэх мэт шалтгаануудын улмаас олон шинэ бизнес бүтэлгүй болдог. Хувийн ааш араншингаасаа болоод багийн бусад гишүүдтэйгээ таарахгүй хүн авчихвал мөн л адил асуудал үүснэ. Шинэ бизнес эхлүүлж байгаа үед зөвхөн ур чадвартай хүмүүсийг л ажиллуулах нь зүйтэй.
Мөн аливаа зүйлийг баримтжуулж явах хэрэгтэй. Тухайлбал зарим хамтрагчид чинь ажлаа хийснийхээ төлөө компанийн том хувийг авахаар тохирсон байсан гэж зүтгэх асуудал ч гарч болзошгүй.

10. Гадны нөлөөнд хэт автахаас зайлсхий.

Хөндлөнгийн хүнээс зөвлөгөө, шүүмжлэл аль алиныг нь сонсох нь зарим үед маш ач тустай байдаг. Хэрэв Зукерберг Шон Паркерийн өгсөн зөвлөгөөг дагаж TheFaceBook гэсэн нэрийг зүгээр л Facebook болгоогүй бол мөн компаниа Калифорни руу нүүлгээгүй бол энэ төсөл амжилттай болох байсан болов уу?
Мэдээж хэт их хүний амыг харах нь бүр ч хортой. Компани хөгжих явцад олон хүнтэй уулзаж ярилцах хэрэгтэй. Тэд юуг яаж хийх нь хамгийн зөв болохыг хэлж өгөх болно. Харин хүн бүрийн хэлснийг дагаад байвал анхны санаа гэдэг зүйл үгүй болно. Мөн хэт олон тал руу үсчих нь бизнест хортой.

Хэдийгээр Зукерберг Паркерын зөвлөгөөг авдаг байсан ч гэсэн Facebook-г анх л ямар байлгахыг хүсч байсан тэр төсөөллөө хэвээр хадгалсаар байв. Тэр өгсөн зөвлөгөө бүрийг нь дагадаггүй, харин компанид хэрэгтэй гэж үзсэнээ дагадаг байв.

Таны бизнест амжилт хүсье!

Saturday, December 20, 2014

Амьдралаа “дэмий” үрж байгаа хүний 13 шинж

Хийх ёсгүй зүйлээ хийж дэмий цаг үрж байна.
Видео тоглоом тоглож, реалити шоу үзэж, интернет ухаж суух… Хоол хүнс байнга эргүүлэх, архи дарс, зугаа цэнгэл хэт их хөөх гээд маш олон “хэрэгцээгүй” зүйлүүд таны жагсаалтанд байгаа. Гэхдээ амьдралаа нэн чухалаар анхааралтай хараад үз дээ? Хамаг их цагаа яг хаана, юунд өнгөрөөж байна вэ? Тэгээд тэр нь чамд үнэхээр сайн нөлөөтэй, үр дүнтэй гэж бодож байна уу? Таныг илүү сайн амьдрал өөд хөтөлж байна уу? Гэрэлт ирээдүйн үндэс суурь болж өгч чадаж байна уу? Эдгээр асуултуудыг өөртөө нэг тавьж үзээд хэрэв “үгүй” бол өдөр тутмын үйл хэрэгээ шинэчилж, өөрчлөлт хийх цаг чинь болсон байна.
Хэт их гомдоллоод “дин дон” хийгээд байгаа юм биш биз дээ?
Амьдралын олон асуудлаар байнга л зовж шаналснаа ярьж байдаг, ярихаа больдоггүй хүмүүс байдаг л даа. Та харин тэдний нэг юм биш биз? Та ажлынхаа талаар, даргынхаа тухай, цалингыхаа тухай, эсвэл хөрш бүр эхнэр/нөхрийнхөө талаар “ингээд байна, тэгээд байна” гэж гомдоллодог уу? Хэрэв “тийм” бол сөрөг хандлагатай энергийг л өөртөө бий болгож байгаагаас бус өөр юу ч хийхгүй байгаа хэрэг. Сөрөг хандлага гэдэг бол аливаа зүйлийг өөрчилөх шийдэл биш юм. Энэ нь харин ч таныг нэг газраа гацааж, арга мухардуулах болно. Тиймээс бодол санаагаа өөрчилж, юунд дургүй, юуг үзэн яддагаа бодож, ярьж явахаас илүүтэйгээр амьдралд юунд талархаж, юуг хайрлаж яваагаа ярьж байх хэрэгтэй.
Ухаанаа цэнэглэхгүй байна.
Хэрэв өөрөө өөрийгөө байнга хөгжүүлж, хувь хүнийхээ хувьд ч суралцахгүй байх юм бол зүгээр л нэг энгийн тогтмол, сул дорой нэгэн болж хувирах болно. Ухаанаа алив идэвхитэй, шинэлэг бүхнийг суралцаж, цэнэглэж байхгүй бол тийм л хүн болохын шинж. Эерэг хүч чармайлт шаардсан зүйл хийх нь таны оюун ухааныг тэлж, хөгжүүлэх болно гэдэгт итгээрэй.
Өөрөө өөртэйгөө сөрөг шинж чанартай зүйлийн талаар их ярих.
Өөртэйгөө сөргөөр ярилцана гэдэг амьдралыг тань сүйтгэж мэдэх гэмтэй. Хэнри Форд хэлэхдээ “Чи өөрийгөө чадна эсвэл чадахгүй гэж бодож байгаа аль нь ч хамаагүй чиний л зөв” гэж хэлсэн байдаг. Түүнчилэн хэрэв та ямар нэг ахиц, урамшуулалд хүрэх эсвэл шинэ бизнес эхлүүлэхэд тийм ч хангалттай ухаантай биш гэж өөртөө хэлэх юм бол таны зөв. Та амьдралаа өөрчлөхөд дэндүү ядарсан, зутарсан гэж өөрийгөө бодож байгаа бол бас л таны зөв. Өөртөө чухам юу хэлж байна, тэр чинь бодит амьдрал дээр биеллээ олж байдаг. Бодсон санасан чинь бодит амьдрал чинь болж хувирдаг учраас юу бодож байгаагаа сайтар ажиглаж бай.
Урамгүй санагдах.
Та ямар нэгэн зүйлд шунан дурладаг уу?  “Надад шунаж дурлаад байх тийм зүйл амьдралд байхгүй” гэж хэлдэг хүмүүс байдаг л даа. Гэхдээ тэр бол гол асуудал биш юм. Яагаад гэхээр танд заавал таны дур сонирхлыг төрүүлдэг зүйл энэ амьдралд, танд байх ёстой. Тиймээс таны сэтгэлийг юу тэгж их хөдөлгөж байна, юу хийвэл та жаргалтай юм шиг баярлаж байна гэдгээ олж нээ, тэгээд түүнээ байнга хийж түүнээсээ аз жаргалыг мэдрэх хэрэгтэй.
Ирээдүйгээ төлөвлөхгүй байна.
Яг одоогоороо амьдрах үргэлж сайхан байдаг ч гэлээ заримдаа та яг хаашаа явмаар байгаагаа, юун хүрмээр байгаагаа нэг бодож үзэх хэрэгтэй. Хэрэв танд ямар нэг зорилго, амьдралын төлөвлөгөө байхгүй бол далайд хөвж яваа хэзээ хаана нэг эрэг гарч ирж, зогсох бол гэсэн завьтай л адилхан гэсэн үг. Тиймээс та тэгж болохгүй. Хаана хүрмээр байна, түүндээ алхам алхамаар урагшаа тэмүүлэх хэрэгтэй. Яг л танд аль нэг тийшээ хүрэхэд чинь “луужин” яаж хүрэхийг тань зааж өгдөг шиг өөрийнхөө дотроо өөрийн гэсэн “луужин”-тай бай.
Таныг хөгжүүлэхэд саад болоод байгаа хүмүүстэй хэт их зууралдах.
Хамт байхад тийм ч сайн эсвэл сайхан санагдахгүй байгаа хүмүүстэйгээ нэг газар гацах шиг амархан юм байхгүй. Хэрэв байнга тийм байдалд байгаад байвал тэндээ л гацна эсвэл тэдэнтэйгээ хамт бүр ч дордоно. Бид тэдгээр хүмүүсийг “Энергийн цус сорогч” гэж нэрлэдэг. Тэд таны амьдралын бүхий л эрч хүч, чадлыг чинь сорж, эргүүлээд танд эерэг зүйл юу ч өгөхгүй. Түүний оронд өөдөө хөгжихөд дэм болох хүмүүсийг олж, тэднээр өөрийгөө хүрээлүүлэх хэрэгтэй.
Утсандаа донтох.
Гар утас гэдэг бол нэг орохоороо гарч чаддаггүй тийм “гоё” зүйл гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Гэхдээ утсандаа өнгөрүүлж байгаа цаг хугацаагаа нэг бодоод үз дээ. Дор хаяж л эхнэр/нөхөр хүүхэдтэйгээ хамт оройн хоолонд орж байхдаа утсаа оролдсоор тэдэнтэйгээ харилцаагаа улам муутгаж, нэг их сайн үр дагавар авчирахгүй л болов уу. Утастайгаа зууралдсаар байтал хайртай дотны хүнээ “алдах”-ыг та хүсэхгүй л биз дээ?
Хэрэгцээгүй зүйл дээр хэт их мөнгөө үрж байна.
“Надад энэ хэрэгтэй байна” ба “Би үүнийг хүсэж байна” гэдэг хоёрын хооронд их ялгаа бий. Өнөөгийн нийгэмд өч төчнөөн зээлтэй байж гоё ганган, үнэтэй цэнэтэй эд зүйл эдэлж хэрэглэх сонирхолтой хүмүүс байна аа. Ер нь бодоод үзвэл бидэнд “хэрэгтэй” зүйл тийм ч их биш. Хоол хүнс, ус, гэр орон болон хайр. Бидэнд эд нар л “хэрэгтэй”. Бусад зүйлүүд бол зүгээр л бонус. Тиймээс арай гэж олсон мөнгө төгрөгөө яг юунд үрж байгаагаа сайтар бодож үзээд, ирээдүйдээ хөрөнгө оруулахад багахан ч атугай хадгалж байх нь танд хэрэгтэй.
Хангалттай сайн унтаж амрахгүй байна.
Би эмч биш л дээ. Гэхдээ над шиг эрүүл мэндийн талаар уншиж, судалдаг өчнөөн хүмүүс бий. Би тэдний л нэг. Тэр бүгдээс сурч авсан минь эрүүл биетэй байхын хамгийн гол нь унтах юм. Хэрэв унтаж амрахад танд цаг зав гардаггүй, эсвэл шөнө орой болтол суудаг зуршилтай бол энэ зуршлаа засах талаар арга хэмжээ даруй авч, ямар нэг юм хийгээрэй гэж зөвлөх байна.
Бие хаандаа анхаарал тавихгүй байна.
Сайн унтаж амрах нь цорын ганц эрүүл байлгадаг зүйл бас биш юм аа. Тэжээллэг хоол хүнс, дасгал сургуулилалт дэглэмтэй, эрүүл байх нь чухал. Хоол хүнсээ тэнцвэртэй идэх, байнгын хөдөлгөөн, биеийн дасгал хийж байх нь турахад эерэг нөлөө үзүүлээд зогсохгүй эрүүл мэндийг тань сайжруулна гэдгийг та ч надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Эдгээр нь биед эерэгээр нөлөөлөөд зогсохгүй дадал зуршилтай болоод ирэхээр оюун санаанд гээд бүхэлдээ сайнаар нөлөөлж эхэлдэг.

Өөрийнхөө “тухтай орчиноосоо” салж чадахгүй байх
Өөрийн гэсэн тухтай орчиндоо байх хэчнээн сайхан. Үнэн хэрэгтээ би та, бид бүгд очих дуртай ресторандаа очоод дандаа иддэг хоолоо захиалдаг. Шинэ, өөр хоол туршиж үзэхээсээ цааргалсандаа биш харин зүгээр л байнга захиалдаг хоолондоо дуртай болохоороо. Гэхдээ энэ нь миний яриад байгаа таны “тухтай орчин” биш юм. Таны амьдралыг чинь дээшлүүлэхэд тохиолдох эрсдэлийг даван туулах талаар ярьж байна. Эрсдэл гэдэг нь ерөнхийдөө сайн, муу гэсэн хоёр янз бий. Сайн эрсдлийг даван туулах нь таныг сайн зүйлрүү, өөдөө хөтөлнө. Тиймээс үнэхээр үр дүнтэй, сайн үр дагаврыг танд авчирна гэж бодож байгаа бол тухтай орчиноосоо гарч ирээд эрсдэлтэй нүүр тулахаасаа бүү айгаарай.
Дургүй, хүсэхгүй байгаа амьдралаараа амьдарч байна.
Хэн нэгний амжилтыг би тэр хүний хэр их аз жаргалтай байгаагаар хэмждэг. Та өөрийгөө аз жаргалтай гэж бодож байна уу? Хэрэв үгүй бол ямар нэг өөрчлөлт танд хэрэгтэй байна. Амьдрал үргэлж таны сэтгэлийг хөдөлгөж, гоё байх ёстой. Тиймээс байнга л хөмсгөө зангидаад явахын оронд юунд дуртай, юуг хийхийг чин сэтгэлээсээ хүсэж, яавал жаргалтай болохнуу тэрийгээ нэг сайн бодоод үзээрэй.

Tuesday, December 16, 2014

Күнзийн заасан АМЬДРАЛЫН ЕСӨН ХИЧЭЭЛ

Күнз (өрнөдөд Конфуци гэдэг) бол эртний Хятадын агуу их сэтгэгч, гүн ухаантан. Түүний сургаальд ёс суртахууны асуудлуудыг  хувь хүний болон нийгмийн талаас нь тайлбарладаг. Күнзийн суртал Хятад үндэстний оюун сэтгэлгээний суурь болдог ба Солонгос, Япон зэрэг орнуудад мөн хүчтэй дэлгэрсэн билээ.
Түүний сургаалиудаас түүвэрлэн хүргэж байна.
  • Зогсолтгүй үргэлжлүүл
“Хурдан удаан байх нь хамаагүй, гол нь зогсолтгүйгээр урагшлах хэрэгтэй”
Хэрвээ та зөв зам дээр байгаа бол хэзээ нэгэн цагт зорьсон газраа хүрнэ. Дараалсан хүнд хүчрийг туулах хэрэгцээ гарна.
  • Найз нөхөд чухал
“Өөрөөсөө дутуу хүнийг хэзээ ч найзаараа бүү сонго”
Найз бол таны ирээдүйн зураг. Та найзынхаа байгаа цэгт л хүрнэ гэсэн үг. Тиймээс өөрийгөө зүрхэндээ галтай хүмүүсээр хүрээлүүл!
  • Сайн зүйл илүү үнэ цэнэтэй байдаг
“Үзэн ядах амархан, хайрлах хэцүү. Энэ нь бүх зүйл дээр ижилхэн үйлчилнэ. Бүх сайн сайхан зүйлийг олж авахад хэцүү байдаг бол тааруу зүйлийг хямдхан авч болно
Муулах, шүүмжлэх амархан. Хайрлах, уучлах, өгөөмөр сэтгэл гаргахад их зүрх сэтгэл, ухаан, хичээл зүтгэл шаардана.
  • Эхлээд багаж зэвсгээ бэлд
“Хувь заяа нь оролдлого, хичээл зүтгэлээс хамаарна. Ажлаа сайжруулахыг хүссэн хүн багаж зэвсгээ сайжруулахаас эхлэх ёстой
Күнз сургасан нь “Амжилт бэлтгэлээс хамаарна. Бэлтгэлгүй эхэлбэл алдах болно”. Амьдрал дээр юуг ч хийх байсан сайн бэлтгэл хамгаас чухал.
  • Алдаандаа харамсах хэрэггүй
Алдаж эндсэндээ шаналаад хэрэггүй. Алдаа хийх нь гэмт хэрэг биш. Алдаанаас болоод бүгдийг бүү сүйрүүл. Харин ч алдаа хийснээ тэмдэглэх хэрэгтэй!
  • Үр дагаварт анхаарлаа хандуул
“Та уурлаж бухимдсан үедээ хожмын үр дагаврыг мартаж болохгүй”
Уураа номхотгож үүнээс үүдэлтэй үр дагаварын тухай бодож сурах хэрэгтэй.
  • Залруулж сурах
“Хэрвээ зорилго биелэх боломжгүй болвол зорилгоо өөрчлөөд хэрэггүй, харин үйлдлээ өөрчил”
Алдаатайгаа эвлэрэлгүйгээр дарвуулаа солиод амжилтын зүг дахин сэлэх хэрэгтэй.
  • Бүгдээс суралц
Хэрвээ би хоёр хүнтэй цуг замд гарвал хоёуланг нь багшаа гэж тооцно. Нэгнийх нь сайн чанарыг дуурайж нөгөөгийнх нь сул талыг сургамж болгож авна”
Чөтгөр, бурхан хоёрын аль нь ч байсан хоёулангаас нь суралцах ёстой. Хүн бүрийн амьдралын түүх сурах зүйлсээр дүүрэн байдаг. Зөвхөн боловсруулж хүлээж авах л чухал.
  • Бүхнээ зориул эсвэл бүү хий
“Амьдралынхаа турш хийсэн бүхэндээ зүрх сэтгэлээ бүрэн зориул”
Бүх зүйлийг чин сэтгэлээсээ хий, эсвэл огт бүү хий. Ажил үйлсдээ өөрийн бүх боломжоо шавхаж чадвал дараа нь харамсах зүйлгүй амьдрах болно.

Та сүнстэй амьдарч байгаагаа мэдэх 10 арга

1. Ер бусын үнэр
Таны амьдарч байгаа газар сүнстэй болсон эсэхийг мэдэх нэг тэмдэг нь таньд байнга мэдрэгдээд байдаггүй ер бусын үнэр юм. Хаанаас гарч байгааг мэдэж чадахгүй тэр л үе тамхи аль эсвэл сүрчигний цэцэгийн үнэр таньд гэнэт үнэртэнэ. Заримдаа сүнснүүд ямар нэгэн үнэрийг авчирдаг аж. Хэрвээ иймэрхүү зүйл танай гэрт тохиолддог бол таны мэдэхгүй зэргэлдээх ертөнцийн нэгэн оршин суугч таньтай хамт байгааг нотлох нэгэн тэмдэг юм.
2. Танихгүй хүн, мэдэхгүй газрын тухай жигтэй зүүд
Хэрэв сүнс гэрт оршин суугаа бол заримдаа тэд танд өөрийнхөө тухай янз бүрийн зүүдийг зүүдлүүлэх болно. Энэ зүүд нь жирийн эсвэл хар дарсан байж болно. Сүнстэй амьдарч байгаа хүмүүс өмнө нь хэзээ ч байгаагүй газар, уулзаагүй хүмүүсийн тухай зүүдэлдэг аж. Энэ бол зэргэлдээх ертөнцийн оршин суугч таньд өөрийнхөө тухай ямар нэгэн юм хэлэхийг хүсч байгаа бөгөөд тэд таньтай холбоо барихыг хүсч байгаагийн тэмдэг. Та тэднийг ямар нэгэн байдлаар ойлгох хэрэгтэй бөгөөд эдгээр хүмүүс нь ихэнхдээ үнэхээр золгүй байдлаар нас барсан эсвэл алуулсан байх магадлалтай. Золгүй байдлаар үхсэн хүний сүнс чөлөөлөгддөггүй аж. Та тухайн зүүдэнд үзэгдэж байгаа хүний тухай мэдээлэл, түүнд юу тохиолдсон тухай нийтийн архиваас олж мэдэх боломжтой юм.
3. Хэн нэгэн таныг ажиглаад байх шиг
Зарим хүмүүс бусдыгаа бодвол хоёрдагч ертөнцийг мэдрэх нь илүү байдаг. Таныг хэн нэгэн хаа нэгтээгээс ажиглаад байх шиг санагддаг уу? Хэрэв хэн нэгэн, эсвэл ямар нэгэн зүйл ажиглаад байх шиг санагдаж байвал эргэн тойрноо харж ямар нэгэн өөр тэмдэг байгаа эсэхийг ажигла. Энэ бол таньтай параллель ертөнцийн бас нэгэн гишүүн амьдарч байгааг илтгэж болохуйц нэгэн тэмдэг. Зарим хүмүүс шинэ байранд нүүж орохдоо байнга хэн нэгэн түүнийг ажиглаад байхшиг санагддаг. Тэгүүл битгий үүнийг үл тоогоорой өөр ямар нэгэн тэмдэг илэрч болох юм.
4. Агаар хүндрэх мэт мэдрэмж
Зарим хүмүүс сүнсийг эргэн тойрондох өөрчлөлтөөр мэдэрдэг бөгөөд ямар нэгэн зүйл дараад байхшиг, эсвэл амьсгалахад хэцүү болох гэх мэт. Агаар дахь гэнэтийн өөрчлөлт нь сүнсний өөрийгөө илэрхийлэх нэгэн арга аж. Гэнэтийн энэ өөрчлөлтийг энгийн хүмүүс ч мэдэрдэг. Тиймээ түүнтэй хамт амьдарч байгааг илтгэх яахын аргагүй шинж тэмдэг мөнөөс мөн.
5. Чимээ
Та ямар нэгэн тайлбарлах боломжгүй чимээ шуугиан бүр шүгэлдэх чимээ сонсч байна уу? Чимээ бүхэнд учир шалтгаан бий. Сүнс өөрийгөө оршин буйг мэдүүлэхийг хүсч байна. Мэдээж гэрийн тавилга янз бүрийн зүйлээс дуу чимээ гарч болох юм гэвч заримдаа хаанаас гараад байгааг тайлбарлах аргагүй байдагшүүдээ. Ихэнх сүнснүүд хүний чихээр сонсох боломжгүй дуу чимээ гаргадаг бөгөөд үүнийг тусгай багажаар хураан авдаг. Гэвч тэдгээр сүнснээс ялгаатай Полтергэйст буюу шуугиантай сүнснүүд хэмээн нэрлэгдсэн сүнснүүд нь хүнд сонсогдохоор аймшигт дуу чимээг гарган элдэв зүйлсийг шөнөөр авч шидэлдэг ажээ.
6. Агаарын температурын өөрчлөлт
Агаарын температурын гэнэтийн өөрчлөлт. Энэ бол өөр нэгэн сүнс таны ойр байгааг мэдэх тэмдэг юм. Хэрвээ та өрөөнүүдийнхөө дундуур явах юм бол зарим өрөө чинь бусдаасаа хамаагүй хүйтэн байх болно, эсвэл яг л нэг газраар явах тоолонд таны эргэн тойронд хүйтэн оргих шиг таньд мэдрэмж төрнө. Тэгвэл энэхүү хүйтэн оргих явдал нь таны Эйр Кондишн–оос болсон хэрэг огт биш. Заримдаа сүнснүүд таны эргэн тойронд ирэх үед агаар хүйтэн болдог. Сүнснүүд эргэн тойрон дахь энергийг сорж агаарийг хүйтрүүлдэг аж. Заримдаа гэрийнхээ хаа нэгтээ алхахад гэнэт хүйт оргидог гэвч бусад газраа хэвийн байдаг бол энэ бас нэгэн сүнс байгаагийн тэмдэг болох аж.
7. Эд зүйл өөрөө хөдлөх
Таниас хол байх зүйлүүд хэн нэгний туслалцаагүйгээр хөдлөх. Хэрэв ийм зүйл болсон бол та даруй ойндоо тогтоож авах хэрэгтэй. Хэрвээ та ямар нэгэн зүйлээ баттай хаа тавьснаа мэдэж байгаа боловч энэ зүйл амьд биет хүрээгүй байхад өөр газарт байвал энэ яахын аргагүй жигтэй зүйл таньд тохиолдоод байгааг гэрчилнэ. Заримдаа та өөр өрөөнд байхад хаалга онгойх, хаах, эсвэл ширээн дээрээс эд зүйлс унах энэ бол яахын аргагүй тэд оршин буйн тэмдэг. Та ямар төрлийн сүнс энэ зүйлийг хийдэг талаар олж мэдэх хэрэгтэй болов уу. Зарим нь хортой уршигтай сүнс байж болох юм.
8. Таньд хүрэх шиг
Хажууд чинь хэн ч байхгүй үед хэн нэгэн таньд хүрээд байх шиг санагдах эсвэл арьсан дээр чинь хаанаас яаж үүссэн нь үл мэдэгдэх ямар нэгэн тэмдэг үлдчихсэн байхыг та анзаарч байсан уу? Хэрэв тийм бол энэ бас өөр нэгэн хоёрдагч ертөнцийн этгээд таньтай хамт амьдарч байгааг илтгэх тэмдэг юм. Заримдаа ямар нэгэн үстэй зүйлээр шүргээд авах шиг, танруу үлээх шиг эсвэл таньд хэн нэгэн хүрэх шиг болвол та болгоомжтой байх ёстой. Гэвч яаран дүгнэлт хийх гэсний хэрэггүй таньд юу хүрээд байгааг мэдэх хэрэгтэй таны өөрийн үс байж болох юм. Таны бие дээр санаандгүй ямар нэгэн тэмдэг үлдэх, зүгээр байж байхад хөхрөх, бүр юунд ч хүрээгүй байхад таны гар бие чинь зүсэгддэг бол энэ маш аюултай буг чөтгөр таньтай хамт байна гэсэн үг. Хэрэв байдал хурцдвал та муу сүнснээс хэрхэн өөрийгөө аврах талаар эртхэн бодох хэрэгтэй. Энэ сүнс ганцаараа байхад маш аюултай.
9. Гэнэтийн ааш зангийн өөрчлөлт
Хэдийгээр цөөн тохиолдох ч, ямар төрлийн тэмдэг илэрснээс шалтгаалж таньтай маш муу сүнс амьдарч байж болох юм. Гэвч энэ сүнс гэхээсээ илүү чөтгөр аж. Заримдаа муу сүнснүүд байшинд амьдарч байгаа хүмүүст уур хорсол, айдас хүйдэс төрүүлөх, бусад төрлийн ааш зангийн аймшигт өөрчлөлтийг бий болгодог. Хэрвээ байдал биш байгаа бол ад зэтгэрийг зайлуулах үйл хийх шаардлагатай.
10. Чих худалч нүд үнэнч
Таны гэрт сүнс байгааг мэдэх төгс арга бол сүнсийг өөрийн нүдээр харах юм. Сүнснүүд өөрийгөө байгааг танд мэдрүүлэхийг хүсч байдаг. Хэрэв таны хараа хурц бол тэдний сүүмэлзэх дүрсийг харах боломжтой. Чих худалч нүд үнэнч, хэрвээ та тэдний сүүмэлзэх дүрсийг харах мэт санагдсан бол энэ нь таны гэрт сүнс байгааг нотлох тэмдэг юм. Заримдаа сүнс өмнө амьдарч байсан бүтэн биеэрээ үзэгдээд алга болох тохиолдол байдаг. Жирийн нь л нэг хүний дүрс харагдаад өнгөрөх боловч дараагийн удаа аймшигтай цонхийсон, шархадсан, цусаар будагдсан, эсвэл яг тухайн үеийн үхлийн байдлаараа үзэгдэж болно. Энэ нь эдгээр хүмүүс аймшигтайгаар үхсэнийг гэрчлэх баримт юм. Жишээ нь дэлхийн 2-р дайны үеэр амь үрэгдсэн цэргийн ангийн нэгэн хүн одоо үед яг амь үрэгдхийнхээ өмнө дайны талбарлуу яаж явсаныг харж болох юм. Эдгээр дүрс тэр газраа дахин дахин үзэгддэг байна. Яг л видеог дахин дахин үзэж байгаатай адил. Гэнэт үхсэн хүмүүсийн үхэхийн өмнөх үйл явдал орчин тойрны эд зүйлсдээ шингэн үлддэг аж.

Monday, December 8, 2014

Эйнштейний томъёолсон АМЬДРАЛЫН АРВАН НЭГЭН ДҮРЭМ


Альберт Эйнштейн бол агуу их физикч байсан. Тэр цаг үеэсээ түрүүлж олон физикийн хуулиудыг нээсэн. Гэхдээ тэр зөвхөн физикч байсангүй. Эйнштейн бас философич байсан бөгөөд амьдралын хуулиудыг ч зөв томъёолж чадсан юм.

Түүний зөв амьдрал, амжилтын тухай гайхалтай тодорхойлолтуудыг хүргэж байна.

    - Хэзээ ч шинэ зүйл санаачилж үзээгүй хүн алдаа гаргадаггүй

Алдах вий гэсэн айдсаасаа болоод ихэнх хүмүүс шинэ юм хийдэггүй. Гэхдээ ингэх хэрэггүй юм. Алдаж үзсэн хүн, шууд амжилт гаргасан хүнээс илүү амжилтын арга замыг мэддэг болно.

    - Боловсрол гэж сургуульд заалгаснаа бүгдийг мартсаны дараа чамд үлдсэн зүйлийг хэлнэ

30 жилийн дараа чи сургуульд заасан бүгдийг мартах нь гарцаагүй. Харин энэ үед чамд өөрөө сурсан тэр зүйлс чинь үлддэг. Энэ бол жинхэнэ боловсрол юм.

    - Би өөрийн төсөөллөөрөө яг зураач шиг чөлөөтэй зурж чаддаг. Төсөөлөл бол мэдлэгээс илүү чухал. Мэдлэг бол хязгаартай. Харин төсөөлөлд хязгаар байхгүй.

Хүн төрөлхтөн агуйд амьдарч байснаасаа хойш хэр их хөгжсөнийг харахад бид төсөөллийн хүч чадлыг бүрэн ойлгож болно. Өнөөдрийн бидний амьдрал бол өвөг дээдсийн маань төсөөллийн үр дүн. Ирээдүйд ямар байхыг бид одоо дотроо төсөөлж байна.

    - Чухам юунаас анхны санаагаа авснаа нууцалж чадвал сайн бүтээлд тооцогддог

Бүтээлийн чинь давтагдашгүй, онцгой байдал нь хаанаас чамд ийм зүйл хийх санаа орж ирснээ хэр сайн нуухаас хамаардаг. Чамд хэн нэг агуу хүн санаа өгсөн байж болох ч, хэрвээ дэлхий нийтээрээ чамайг харж байгаа бол таны санаа давтагдашгүй мэт харагдах ёстой.

    - Хүний үнэ цэнийг илэрхийлэгч нь түүний бодитойгоор хийсэн зүйл болохоос хувийн мэдлэг чадвар биш. Үнэ цэнэтэй хүн байх нь хувийн амжилт гаргахаас илүү чухал.

Хэрвээ бид дэлхийн хэмжээний алдартай хүмүүсийг харвал тэд бүгд энэ дэлхийд ямар нэг зүйл бүтээж өгсөн байдаг. Авах эрхтэй байхын тулд өгөх хэрэгтэй. Таны зорилго үнэ цэнээ нэмэгдүүлэхэд чиглэсэн тэр цагт та амьдралын дараагийн түвшинд шилжинэ.

    - Амьдрах хоёр янзын арга зам бий: нэг бол ямар ч гайхамшиг байхгүй мэт, үгүй бол энэ дэлхийн бүх зүйл гайхамшигтай мэт

Хэрвээ огт гайхалтай зүйл байхгүй мэт амьдарвал та бүгдийг ямар ч саадгүйгээр хийж чадна. Харин бүх зүйл гайхалтай мэт амьдарвал энэ дэлхийн өчүүхэн зүйлээс ч сайхныг мэдэрч таашаах юм. Энэ хоёр замыг зэрэгцүүлэн амьдарч чадвал амьдрал тань амжилт бүтээл, аз жаргалаар дүүрэн байх болно.

    - Би өөрийгөө болон өөрийн сэтгэн бодох чадвараа эргэцүүлж үзээд дараах дүгнэлтэнд хүрсэн юм. Өөр ямар ч хийсвэрлэх аргаас илүү миний өөрийн төсөөлөл, мөрөөдөл надад илүү ихийг өгчээ.

Өөрийнхөө хүрэхийг хүсч байгаа зорилгын тухай байнга мөрөөдөж төсөөлж байх нь өөдрөг амьдралын салшгүй хэсэг. Мөрөөдлөө хязгаарлалгүй чөлөөтэй байлгаж чадвал хүрэх гэсэн амьдралдаа хүрэх болно.

    - Хонин сүргийн гишүүн болохын тулд өөрөө даруй хонь бол

Бизнес хийх мөрөөдөлтэй бол шууд хийж эхлэх хэрэгтэй. Хүсэл байвч урган гарах бэрхшээлээс нь айж хойшлуулбал юунд ч хүрэхгүй. Энэ нь амьдралын бүх бүх зүйлд ижил үйлчилнэ. Ялахын тулд шууд тоглож эхлэх хэрэгтэй.

    - Бусдаас илүү тоглохын тулд эхлээд дүрмээ сайн судал.

Дүрмээ судлаад бусдаас илүү тогло. Бүх зүйл дээр үр дүнгээ харуулах болно.

    - Асуухаас зугтахгүй байх маш чухал. Сониуч зан тохиолдлоор хүнд заяагаагүй.

Ухаантай хүмүүс үргэлж асуулт асуудаг. Шийдэл олохын тулд өөрөөсөө асуу, бас бусдаас асуу. Ингэх нь шинэ зүйлд суралцах, мэдлэгээ нэмэгдүүлэхэд тустай.

    - Амьдрал бол дугуй унахтай адил. Тэнцвэрээ олохын тулд зогсолгүй урагшлахаас өөр аргагүй.

Амьдралд тэсч үлдэхийн тулд зогсолтгүй зүтгэх хэрэгтэй. Хэрвээ зогсвол амьдрал дуусна.
Эйнштейний томъёолсон АМЬДРАЛЫН АРВАН НЭГЭН ДҮРЭМ

Saturday, December 6, 2014

Хүний биеийн хамгаалалтын ер бусын механизмууд

Хүний бие олон төрлийн нарийн системүүдээс бүрддэг. Эдгээрийн нэг болох хамгаалалтын систем нь биднийг өвчин эмгэг, харшил зэрэг гадаад тааламжгүй нөхцөлөөс хамгаалж байдаг. Хамгийн сонирхолтой хамгаалалтуудын талаар товч өгүүлье.   
Эвшээх
Заримдаа нэг сайн эвшээгээд авбал аятайхан болоод явчихдаг шүү дээ. Гэхдээ яах гэж эвшээлгэдэг юм бол? Эвшээх механизм нь маш бага судлагдсан боловч эрдэмтэд бага сага зүйл тодруулж чаджээ. Эвшээлгэж байгаагийн гол шалтгаан нь уураг тархины хэт ачаалал юм байна. Нойр хоол муутайгаар их ажиллаж байгаа үед хүн стресст орж эхэлдэг. Энэ үед организм өөрөө хамгаалалтын механизмыг ажиллагаанд оруулдаг байна. Эвшээх үед их хэмжээний агаарыг сорон авч тагнайгаар дамжуулан уураг тархиа “ хөргөдөг “ гэнэ. Мөн амьсгалын замуудыг нээж өгснөөр цусанд орох хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлж, булчин шөрмөсөө сулладаг. Энэ мэтээр эвшээх нь аятайхнаар зогсохгүй, ашигтай үйл ажиллагаа ажээ. 

Найтаах

Хамрын хөндийд элдэв төрлийн харшил үүсгэгч, нян, тоос шороо ихээр хуримтлагдсан, эсвэл нунтаг зүйл хамарт орох үед найтаах механизм ажилладаг. Энэ үед тусгай мэдрэлийн эс цочролд орсноор хүн хамар хоолойн уулзвар дахь илүү зүйлсийг гадагшлуулан найтаадаг байна. Гол нь хүний хажууд найтааж болохгүй. Учир нь найтаах үед гадагшлах агаарын хурд 160 км/цаг байдаг ба нэг найтаалтаар дунджаар 100 мянган өвчин үүсгэгч нян агаарт тархах аюултай. Найтаах үедээ хамраа алчуураар, арга ядвал гараараа ч гэсэн таглавал бактерийг ямар барьж авна гэх биш, ядаж  тархалтыг нь багасгаж чадна. Удаан хугацааны туршид найтаагаад байвал хажууд чинь харшил үүсгэгч ямар нэгэн зүйл байна гэсэн үг. Тэгвэл хайж олоод хаяхаас өөр аргагүй.

Суниах
Бид өөрсдөө дураа хүрсэн үед суниадаг боловч энэ нь бас л хамгаалалтын нэг төрлийн механизм юм. Суниалт нь бие махбодийн ердийн ажиллагаанд маш чухал үүрэгтэй. Суниаснаар унтаад боссоны дараа булчин шөрмөсөө тэнийлгэх, бие бялдрын цаашдын ачаалалд бэлтгэх, цусны эргэлтийг сайжруулах, сэтгэл санаагаа тайвшруулах гэх мэт олон эерэг үйл ажиллагаа явагдана. Мөн суниалт нь амтлах мэдрэхүйг сайжруулдаг болохыг судалгаагаар баталжээ. Иймээс л өглөө гэртээ идсэн хоол илүү амттай байдаг биз.

Зогисох
Зогисох нь хоол боловсруулах системд асуудал гарсныг анхааруулж буй дохио юм. Зүв зүгээр байж байгаад зогисох нь ч байдаг л даа. Ихэнх тохиолдолд “ Хоол чинь хэтэрлээ! “ гэсэн сануулга болно. Ялангуяа яаруу сандруу хооллох, том томоор залгих, байнга хэтрүүлж идэх зэрэг тохиолдолд ходоод гэдэстэй холбоотой мэдрэлийн эс ихээр цочирч зогисолт явагдана. Иймд хоол ундаа тохируулах, сайтар зажилж байж залгих нь чухал. Зогисолттой тэмцэх арга өнөө хир байхгүй. Зарим хүнд амьсгалаа түгжих, заримд нь аяга ус уух нь тус болдог бол зарим хүн зогисохоо больтол  хүлээхээс өөр ямар ч аргагүй байдаг байна.

Миоклоник таталт
Орондоо ороод сайхан нойрсож эхэлж байтал гэнэт цахилгаан гүйдэл цохих мэт болж хамаг булчин шөрмөс чинь зангиран оволзож, хар аяндаа нойрноос сэрчих тохиолдол тааралдаж байсан уу? Тэгвэл энэ нь шинжлэх ухаанд Миоклоник таталт гэж нэрлэгддэг бас л бидний бие махбодийн хамгаалалтын системийн нэг хэсэг ажээ. Биднийг унтаж эхэлмэгц амьсгалын тоо эрс цөөрч, судасны цохилт удаашран, булчин шөрмөс суларч ирдэг. Гэтэл уураг тархи маань энэ бүхнийг        “үхэхийн  өмнөх шинж тэмдэг “ хэмээн хүлээн авч эзнээ аврахаар ажиллаж эхэлж байгаа нь энэ аж. Өөрөөр хэлбэл цахилгаан цочроогч хэрэглэж “сэхээн амьдруулах “ механизм ажилладаг байна. Бүх зүйл хэвийн болохыг тодруулсны дараа тархи маань тайвширч хэвийн унтах боломж олгодог. Бие маань  бидний аюулгүй байдалд ингэж анхаарч байгаа нь таатай биш гэж үү?

Нойтноос болж арьс хөөх
Бүлээн устай онгоцонд ердийнхөөсөө жаахан удаан хэвтчихвэл хөл гарын хурууны өндөг ямар болдог билээ? Инээдтэй, ялангуяа хүүхдүүдэд их зугаатай юм болдог шүү дээ. Тэгвэл хамгаалалтын механизмд энэ ямар хамаа байна? Судлаачдын үзэж байгаагаар хамаатай асуудал аж. Нойтон, чийгтэй байна гэдэг нь халтиргаа үүсгэж болзошгүйг бидний бие махбодь сайн мэддэг бололтой. Иймээс л гар хөлийн хүрууны арьс толигор гадаргуунаас сайн “ зууралдахад “ зохицон өөрчлөгдөж байгаа нь энэ аж. Өөрөөр хэлбэл, бие маань биднийг нойтон шалан дээр унагаж, гэмтээхгүйн тулд “ супер хуруутай “ болгодог байна.

Ой санамжаа алдах
Зөвхөн толгойгоороо хатуу юм мөргөж унаад л ой санамжаа алддаг юм бишээ. Зарим тохиолдолд энэ нь бидний тогтворгүй сэтгэл хөдлөлийг тааламжгүй дурсамжаас хамгаалах нилээд зальжин арга болдог байна. Аливаа хүчирхийлэл, гамшиг, сүйрлийн хохирогч нар хамгийн аймшигт агшнуудыг санахгүй байх тохиолдол маш элбэг. Хүнд ямар ч баяр баясгалан, таатай дурсамж төрүүлэхгүй эдгээр тохиолдлыг байнгын санамжинд байлгаад яана, эдгээрийг арчин хаяж эзнээ сэтгэлийн дарамтгүй байлгая гэж бидний бие махбодь ажилладаг байна. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд ч үүнтэй төстэй үзэгдэл явагддаг гэнэ.   

Галууны арьс

Биднийг даарахад, бас сэтгэл их хөдөлсөн үед арьсан дээр гарч ирдэг инээдтэй бэржгэр зүйлс бол бас л хамгаалалтын шинж чанартай. Тэдгээрийн эхний бөгөөд гол үүрэг нь арьсны нүх сүвээр биеийн дулааныг алдагдуулахгүй байлгах явдал юм. Харин хоёр дахь үүрэг нь эрт балар цагаас үүдэлтэй байж болзошгүй. Дээр үед бидний өвөг дээдэс одоогийн бид шиг “ халзан “ биш, өтгөн үсээр хучигдсан байж. / Тэр сайхан бүрхүүлийг ашиглахгүй байвал нүгэл байхсан биз! / Үсний угт байрласан жижигхэн булчингууд сэтгэл хөдлөлийн үед / тэр үед айдас л их тохиолдож байсан байх даа / агшиж үсний ширхэг бүрийг өрвийлгөн босгодог байжээ. Эцсийн дүндээ өвгөдийн биеийг хучсан үсэрхэг давхарга сэгсийн босож биеийг нь сүр бараатай том харагдуулж, дайсныг айлгадаг байсан байна. / Одоогийн гэрийн муурын санаарай./ Цаг хугацааны эрхээр бид үсэн бүрхүүлээ алдсан ч хамгаалалтын механизм нь хэвээр үлджээ. Организм маань биднийг аймшигт сэгсгэр араатан болгохыг оролдовч оронд нь хөөрсөн галуутай адилхан амьтад бий болоод байх юм даа.

Нулимс
Нулимс нь салст бүрхэвчийг гаднын биетээс хамгаалах үндсэн үүргээсээ гадна бие махбодийн сэтгэл зүйн хамгаалалтын үүргийг давхар гүйцэтгэнэ. Хүн стресст орсон үед организм түүнээс нь хамгаалах зорилгоор шинэ, илүү хүчтэй сэдэл үүсгэдэг аж. Жаахан хүүхэд ойчсон, эсвэл юм мөргөсөн үед тархинаас бие махбодийн бусад үйл ажиллагааг нь / хөдөлгөөний, амьсгалын, дотоод болон гадаад шүүрлийн булчирхайны / идэвхжүүлж өгдөг. Хүн биеийн болон сэтгэлийн зовлонтой байгааг илэрхийлэх гадаад гол шинж нь мэдээж нулимс болно. Нулимс ихээр гарах нь цохигдсон, эсвэл мөргөснөөс тархинд үүссэн цочролыг намдаадаг байна. Учир нь уйлах үед нулимс хамрын хөндийд орж тэндэхийн салст бүрхэвчийг норгож өгнө. Салст бүрхэвч нь төрөл бүрийн мэдрэлийн судлуудаар баялаг тул тархинд шууд мэдээлэл өгч түүнийг цочролын үндсэн шалтгаан болох өвдөлтөөс холдуулан, саармагжуулдаг байна. Өөрөөр хэлбэл, хүн уйлснаар өвчнөө  намдаадаг гэсэн үг. Үүнийг нотолж хийсэн туршлага ч байдаг юм байна. Тэгэхлээр шүд зуугаад гүрийсний хэрэггүй, уйлчих л хэрэгтэй байхгүй юу.

Нэмэлт мэдрэхүй
Хүнд 5 мэдрэхүй байдаг гэж ярьцгаадаг боловч үнэн хэрэгтээ бид илүү олон мэдрэхүйтэй. Үүнийг ганц нэгэн жишээгээр нотолж болно. Нэг гартаа халуун индүү бариад зогсож байна гээд төсөөлөөд үз дээ. Одоо нөгөө гараа индүү рүү ойртуул! Гараа хүргэвэл өвдөнө гэж мэдэж байгаа. Гэхдээ та үүнийг  аль ч мэдрэхүйгээрээ мэдрээгүй шүү дээ. Та халууныг хараагүй, сонсоогүй, үнэрлээгүй, амтлаагүй, гар хүрээгүй. Гэлээ ч дулааныг мэдэрч болзошгүй аюулыг гадарлаж байгаа. Энэ бол арьсан дахь дулааны хэмжүүрүүд ажиллаж байна гэсэн үг. Харин ямар мэдрэхүй өвчнийг эсвэл толгойгоор маань доош харуулан дүүжилж орхисныг бидэнд мэдрүүлэх вэ?
Одоо нүдээ аниад хуруугаараа хамрынхаа үзүүрт хүрч үз. Мэдээж олж чадаж байгаа. Гэхдээ бас л 5 мэдрэхүйнхээ алийг нь хэрэглээгүй. Энэ мэдрэхүйг «проприоцепци» гэдэг бөгөөд бид бие организмынхаа хэлбэр бүтцийг сайн мэддэг, бас тархи маань бидний булчин шөрмөсний хөдөлгөөн бүрийг хянаж байдгийн ачаар энэ мэдрэхүйг зөв хэрэглэдэг байна. Энэ мэтчилэн бусад олон нэмэлт мэдрэхүй маань биднийг аливаа асуудлаас үргэлж хамгаалж байдаг бараг л гол хамгаалалт болдог гэнэ.

Monday, December 1, 2014

Еврей ардын ХОРИН ДОЛООН мэргэн үг

Дэлхийн олон үндэстэн угсаатны дундаас өөрийн хурц ухаан, өрсөлдөх чадвараараа онцгойрдог Еврейчүүдийн мэргэн үгсээс хүргэж байна. Шинэ долоо хоногийн ажилд тань тус нэмэр болно гэж найдаж байна.
  • Адам бол анхны азтай хүн. Учир нь түүнд хадам эх байгаагүй.
  • Хэрвээ асуудлыг мөнгөөр шийдэж болж байвал тэр асуудал биш, зардал.
  • Бурхан хүнд хоёр чих, нэг ам заяасан тул бага ярьж их сонсох ёстой.
  • Бурхан чамайг шулам шиг хүүхнүүдээс хамгаалдаг, харин сайнаас нь өөрөө өөрийгөө хамгаал.
  • Бурхан хаа сайгүй нэгэн зэрэг байж чадаггүй учраас ээж нарыг бүтээсэн.
  • Амттай байгаад хэрэггүй, чамайг идчихнэ. Гашуун байгаад хэрэггүй, чамайг нулимчихна.
  • Ямааны урд байхаас болгоомжил, мөргүүлнэ, морьны ард байхаас болгоомжил, тийрүүлнэ, харин тэнэг хүний бүх талаас болгоомжил.
  • Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.
  • Мэдлэг хуримтлуулахад тийм ч их сав суулга хэрэггүй.
  • Хүн ядаж л сониуч зангийнхаа төлөө амьд явах хэрэгтэй.
  • Ядаж л хэтэрхий үнэтэй нүгэл хилэнцээс нь болоод Бурхан ядуусыг хамгаалдаг.
  • Хэрвээ буяны өглөг ямар ч үнэ цэнэгүй байсан бол бүгд буянтан болох байлаа.
  • Хэрвээ нас нь явсан эмэгтэй нөхөрт гарч чадвал тэр дороо залуу эхнэр болон хувирдаг.
  • Эцэг эхчүүд хүүхдэдээ ярихыг заадаг бол хүүхэд нь эцэх эхдээ дуугүй суухыг заадаг.
  • Уг нь бүх хүн сайн хүн байхаар бүтээгдсэн.
  • Хэрвээ эмэгтэйчүүд бага ярьдаг байсан бол эрчүүд илүү ихийг хийх байсан.
  • Сайн дуугүй байх нь сайн ярихаас хэцүү.
  • Дэлхий, хүн олширсноос болж сүйрэхгүй, харин муу хүн олширсноос л болж сүйрнэ.
  • Бурхан минь! Хоёр хөл дээрээ зогсоход минь туслаач, унахыг би өөрөө чадна.
  • Хайр хэчнээн амттай ч түүгээр чанамал хийж болохгүй шүү дээ.
  • Хоёр чөтгөрөөс сонгохыг тулгавал гутранги үзэлтэн хоёуланг нь сонгодог.
  • Бүгд мөнгөөр гачигдаж байгаагаа гайхдаг бол хэн ч ухаанаар дутагдаж байгаагаа ярьдаггүй.
  • Хүүхэдгүй хүн хүүхдийг сайн хүмүүжүүлдэг.
  • Айдсаас болж үхснээс инээдээс болж үхэх нь дээр.
  • Хүмүүс өөрийн гаргаж байсан алдаагаа туршлага гэж нэрлэдэг.
  • Буурал үс бол хөгшрөлтийн шинж болохоос ухаан суусан гэсэн үг биш.
  • Настай хүний хараа мууддаг ч илүү ихийг харж чаддаг.