Monday, September 26, 2016

НЯЛХ ХҮҮХЭДТЭЙ БОЛ ТА ҮҮНИЙГ ЦЭЭРЛЭ

Гашуунаар бүү тэтгэ
Амттанаар бүү цатга
Өнгөнд бүү шунуул
Тансагт бүү умбуул
Улайг бүү үзүүл
Нойронд бүү автуул

1. Нярай хүүхэдтэй айлд шөнө орой гадны хүн орохыг цээрлэдэг. Учир нь хүүхэд хөлсөж цочно, өвчин тусч халуурах гэм байдаг.

2. Нялх хүүхдийг шөнө орой айлаар оруулах, гадаа авч явахыг цээрлэнэ. Зайлшгүй шаардлага гарвал "Бор халзан туулай” болгож хамрыг нь дагуулж хөө түрхдэг нь хүүхдийн зүсийг хувирган өөрчилж чөтгөрөөс буруулж байгаа хэрэг юм. Монголчууд эрт дээр үеэс хүүхдийнхээ магнайд хөө түрхэж харанхуй шөнө авч явбал ямарваа нэгэн зовлон тохиолддоггүй гэж үздэг. Түүнийг" Бор халзан туулай" гэх нь ч бий. Энэ талаар нэгэн домог байдаг юм байна.

...Эрт урьд цагт үргүй өнчин чөтгөр тэнэж явсаар нэгэн айлд орж гэнэ. Айлын эхнэр нялх хүүхдээ хөхүүлээд сууж байв. Чөтгөр дотроо баярлаж, өнөөдөр нэг хүүхэд олж авах нь гэж чимээгүй харж суув. Айлын хүүхэн хүүхдээ өврөөсөө салгахгүй тэвэрчхээд, нөхөр нь ч гарах янзгүй. Чөтгөр тэсгэл алдахдаа зуухных нь үнснээс атгаж аваад эр эм хоёрын нүд рүү цацав. Айлын эр эхнэртээ уурлаж:

- Чи юунд хүний нүд рүү үнс цацаж байгаа юм бэ? гэж асуухад, эхнэр нь хариу уурлаж:

- Юу гэсэн үг вэ? Харин чи өөрөө миний нүүр рүү үнс цацчихлаа гэж эхнэр нөхөр хоёр хэрэлдэж эхлэхэд чөтгөр баярлаж одоо л нэг завшаан ирлээ гээд хүүхдээ газар тавихыг хүлээж суутал хүүхэн хүүхдээ элгэндээ тас тэвэрчхээд нөхөртөө уурлаж,... хувцас хунараа авч, хүүхдийнхээ духанд хөө түрхээд, төрхөмдөө буцахаар гарч явав. Чөтгөр эр эм хоёроос хүүхдийг нь авч чадсангүй боловч сэтгэл мохсонгүй. Айлын эхнэрийг дагаж явав.

Хүүхэн шөнийн харанхуйд айдас нь хүрэхдээ дутуу цээжилсэн Дарь эхийн зүрхэн тарниа хагас дутуу уншиж явжээ. Чөтгөр бүсгүйг хөөж яваад өөр нэг чөтгөртэй таарч,:

- Хүүхэд тэвэрсэн бүсгүй хүн харав уу? гэж асуусанд, нөгөө чөтгөр:

- Үгүй, саяхан нэг тал тогоо тэвэрсэн, доголон Дарь эх л үүгээр өнгөрсөн гэж хариулав. Учир нь хөө түрхсэн хүүхдийн магнай нь хагас дугуй тогоо болон харагдаж, хазгай уншсан Дарь эх нь доголон Дарь эх болж үзэгдэж чөтгөр халдаж чадаагүй юм байж. Хөөрхий бүсгүй хүүхэдтэйгээ амар мэнд төрхөмдөө харьжээ. Түүнээс хойш монголчуудын дунд шөнө хүүхэд нялхсыг авч явахдаа духан дээр нь хөө түрхэж гаргавал муу юм, гай барцад учирдаггүй гэсэн уламжлал тогтжээ.

3. Харанхуй шөнө нялх хүүхдийг гаднаас нэрлэн дуудахыг цээрлэнэ. Дуудваас буг чөтгөр хорлоно, өвчин тахалд өртөнө гэнэ.

4. Хүний (хар элгийн) хажууд хүүхэд багачуудаа загнан зандрах, зэмлэхийг цээрлэнэ. Гадны хүн байхад зайлшгүй үед анхааруулах болон зөөлөн дуугаар сануулах, тун болохгүй бол нүднийхээ харцаар зэмлэнэ. Үл хэрэгсвээс хүүхдийн зан эвдрэнэ, үг үнэгүй болно гэнэ.

5. Хүүхэд багачууд үл ялиг дүрсгүйтэхийг дэврээн зэмлэхийг цээрлэнэ. "Анх удаа мэдээгүй мэт өнгөрүүл, ахин давтвал сөхөж сануулан зэмлэ” гэдэг.

6. Хүүхэд гармагц анх угаасан усыг хамаагүй асгахыг цээрлэнэ. Заавал хүн амьтны хөлөөс зайдуу ариун өндөрлөг газрын орой дээр асгана. Хорвоод мэндэлсэн шинэ хүнийг ариулсан рашаан тул тийнхүү үйлдэнэ.

7. Хүүхэд хөхүүлэнгээ эх унтахыг цээрлэнэ. Эс хэрэгсвээс хөхөөрөө хүүхдийн ам, хамрыг битүүлж бүтэх осол нүүрлэнэ.

8. Хүүхдийн гарын алгыг үнсэхийг цээрлэнэ. Үнсвээс урт гартай (хулгайч) болно гэнэ.

9. Хүүхдийн шилэн хүзүүг үнсэхийг цээрлэнэ. Үнсвээс хэдэр догшин зантай болно гэнэ.

10. Хүүхэд тургиж наадахыг цээрлэх ба тэнгэр задраана, их салхи салхи шуурга босно гэнэ.

11. Хэлд ороогүй хүүхдийг гэдийлгэхийг цээрлэнэ. Гэдийлгэвээс хэлгий болно гэнэ.

12. Нялх хүүхдийг их дуу чимээ гарган айлган цочоохыг цээрлэнэ. Сүлд нь тэнэж өвчин олно гэнэ.

13. Нялх хүүхдийг хөөрхөн, сайхан, ухаантай, буянтай гэхчилэн ил магтан хэлэхийг цээрлэнэ. Цагаан хэл ам хүрнэ.

14. Нялх балчир хүүхдэд хоргой торгон хувцас өмсүүлэх алт мөнгөн чимэг зүүлт хэрэглүүлэхийг буянаа барна, хүндэднэ, нас ахар болно гэж цээрлэнэ.

15. Нялх хүүхдийг талийгаачийн явдал, үхээрийн газар авч очихыг цээрлэнэ. Муу адын хорлолд өртөнө, өвчин болно гэдэг.

16. Хүүхдийн хувцасыг гадаа хонуулахыг цээрлэнэ. Муу адын хорлолд өртөнө, өвчин олно гэдэг.

17. Хүүхдийн дэргэд хэрүүл хийхийг цээрлэнэ. Хэрүүлийн бузар болж, өвдөж зовно гэдэг.

Saturday, September 10, 2016

Монголд 30-100 тэрбум төгрөгийн хадгаламжтай 200-300 хүн байна.


Эдийн засгийн хямралтай энэ цаг үед хэмнэлтийн горимд шилжиж, зарлагаа хасч танаж байж амь тавихаас наагуур байгаа эдийн засгаа сэргээж, төсвийн тодотгол хийхийн тулд иргэд нь бүсээ чангалах ёстой гэж Засгийн газар болон эрх баригчид яриад байгаа. Нэг хэсэг цалин тэтгэвэр хасна танана, төрийн алба хаагчдыг цомхтголд оруулна, татвар нэмнэ зэргээ харц ардуудыгаа айлган сүрдүүлсэн ч харин азаар тийм шийдвэрүүд гаргасангүйд олон түмэн баярлаж байна.

Эдийн засгийг сэргээж хөл дээр нь босгохын тулд иргэд бүр бүсээ чангалж, идэх хоолоо багасгаж тансаг хэрэглээгээ хязгаарлах хэрэгтэй гэсэн ойлголт мессэжийг ард иргэдэд өгөөд байгаа нь үнэн. Хамгийн гол нь эдийн засгаа сэргээхийн тулд хэн илүү хэмнэлт хийх ёстой вэ.

Аж амьдралаа залгуулах гэж ядарч зүдэрч яваа жирийн иргэдээс уу, аль эсвэл төсвийн мөнгийг үрэн таран хийж, үргүй буюу өөртөө зарцуулж байгаа тансаг хэрэглээтэй эрх баригчид болон сайд дарга нараас уу гэдгийг ялгаж салгамаар санагдах юм. Юм л болвол ядарсан ард иргэдийнхээ халаасыг тэмтэрч хамаг юмыг нь хааж боох гээд байгаа мэт сэтгэгдэлийг нийгэмд төрүүлээд байгааг нуухгүй. Жирийн иргэд нь энэ Мэргэжлийн Засгийн газрын гаргасан шийдвэрүүдэд бухимдаж эсэргүүцлээ илэрхийлсээр байна. Үнэхээр хэмнэлт хийх гэж байгаа бол хамгийн түрүүнд дансандаа хэдэн зуун тэрбумын хадгаламжтай баячуудаас эхлээч. Байр савтай, банкиндаа мөнгөтэй олон хүн байна. Амьдрах гэж ар гэрээ тэжээх гэж яваа ард иргэдээрээ битгий оролдооч.

Мэргэжлийн Засгийн газар хадгаламжийн хүүгээс татвар авдаг болно гэдгийг харин дэмжсэн иргэд цөөнгүй бий. Яагаад гэвэл өнөөдрийн байдлаар дансандаа хэдэн тэрбумын хадгаламжтай баячууд олон байна.

Тухайлбал, Монголд дансандаа 30-100 тэрбум төгрөгийн хадгаламжтай 200-300 хүн байна. Эдгээр хүмүүс 26 жил татвараас нуугдаж ирсэн нь үнэн. Ийм хэмжээний хадгаламж хэнд байгааг судлаад үзэхээр УИХ-ын гишүүд болон сайд нар байна. Өөрсдөдөө зориулж татварын тухай хууль бичиж батлуулаад 26 жил татвараас чөлөөлөгдөж ирсэн эдгээр нөхдүүдээс эхлээд татвар авдаг болооч ээ гэж хэлмээр байна.